Алт олборлогчдыг дэмжинэ
2015 оны 8 сарын 26

2015-08-26-Уул уурхай

Уул уурхайн салбарт тулгамдаж байгаа асуудал, хэрэгжүүлж буй ажлууд, олон нийтийн анхаарлыг татаад байгаа асуудлаар Уул уурхайн сайд Р.Жигжид, Ашигт малтмалын газрын дарга Д.Үүрийнтуяа, Газрын тосны газрын дарга Г.Өлзийбүрэн тэргүүтэй албаныхан мэдээлэл хийлээ. Ингээд уул уурхайн салбарын өнөөгийн нөхцөл байдлын талаарх мэдээллийг багцлан хүргье.

Алт олборлогчдод 256 тэрбумын дэмжлэг үзүүлнэ

Засгийн газраас “Алт худалдан авах урьдчилсан санхүүжилтийн тогтолцооны тухай” тогтоолыг өнгөрсөн долдугаар сард баталсан. Энэ тогтоолын дагуу эдийн засгийн өсөлтийг хангах, гадаад валютын цэвэр нөөцийг нэмэгдүүлэх, алт худалдан авах урьдчилсан санхүүжилтийн тогтолцоог бүрдүүлэх зорилгоор аж ахуйн нэгжүүдэд 256 тэрбум төгрөг олгохоор болжээ. Ингэснээр алт олборлогч аж ахуйн нэгжүүдийн хүсэлт, өрийн баталгааны санд төлсөн шимтгэлийг үндэслэн нийт санхүүжилтийн үндсэн төлбөрийн 50 хүртэлх хувьд Засгийн газрын өрийн баталгаа гаргана гэсэн үг. Энэхүү тогтоолыг хэрэгжүүлэхээр Уул уурхайн яамнаас Монгол банк, Сангийн яамны холбогдох мэргэжилтнүүд ажиллаж байгаа аж. Мөн одоогоор нэр бүхий 46 аж ахуйн нэгжийн санхүүгийн дэмжлэг авах хүсэлтээ ирүүлсэн байна.

Хайгуулын тусгай зөвшөөрлийг энэ сарын 30-наас олгож эхэлнэ

Ашигт малтмалын газраас өнгөрсөн нэгдүгээр сараас эхлэн хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдлийн дугаарыг цахим хэлбэрээр олгож эхэлсэн. Өнгөрсөн хугацаанд нийт 2235 дугаар олгож, 1094 өргөдлийг бүртгэн хянан шийдвэрлэсэн талаар мөн Ашигт малтмалын газрын дарга Д.Үүрийнтуяа дуулгалаа. Нийт бүртгүүлсэн аж ахуйн нэгжүүдээс дотоодын хөрөнгө оруулалттай 1076, гадаадын 100 хувийн хөрөнгө оруулалттай 50, хамтарсан хөрөнгө оруулалттай 12 аж ахуйн нэгж байгаа гэнэ.

“Монгол Улсын нутаг дэвсгэрийн зүүн хагасын 11.94 сая га талбай болон баруун хагаст үлдсэн 1.95 сая га талбайд хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдлийг хүлээн авах ажил энэ сарын 24-ний өдрөөс эхэлсэн. Гэвч өргөдлийн дугаар олголтын үйл ажиллагаанд техникийн саатал гарсан тул тухайн өдрийн дугаар олголтыг хүчингүй болгох арга хэмжээ авч, аж ахуй нэгжүүдийн системд хандах эрхийг нэг долоо хоногоор сунгасан. Энэ сарын 30-ны өдрөөс эхлэн цахим дугаар олголт хэвийн үргэлжилнэ” гэж Уул уурхайн сайд Р.Жигжид мэдэгдсэн юм.

Мөн энэ сарын 24-нд гарсан өргөдөл олгох үеэр системд гарсан алдаа, доголдол нь Log-in сервер тооцоолсноос хэт их ачаалал авсантай холбоотой байж болзошгүй гэж Ажлын хэсэг урьдчилсан байдлаар дүгнэж буй гэнэ.

13 сая тонн нүүрс олборлож 8.2 сая тонныг нь экпортолжээ

Энэ оны эхний долдугаар сарын байдлаар нүүрс 13 сая тонн, алт 5.2 тонн, газрын тос 665 мянган тонныг тус тус олборлосон байна. Мөн хайлуур жоншны баяжмал 128.7 мянган тонн, зэсийн баяжмал 681.9 мянган тонн, төмрийн хүдрийн баяжмал 2.9 сая тонн, цайрын баяжмал 53.8 мянган тонныг тус тус үйлдвэрлээд байгааг мөн дуулгалаа. Харин экспортын тухайд он гарсаар 783.7 мянган тонн зэсийн баяжмал, 2.7 сая тонн төмрийн хүдэр, алт 4.6 тн, нүүрс 8.2 сая тонн, газрын тос 614.5 мянган тонныг тус тус экспортолжээ.

Газрын тосны газар 102 тэрбум төгрөг төвлөрүүлсэн гэв

Ашигт малтмалын газар энэ оны эхний долоон сарын байдлаар нийт 24.4 тэрбум төгрөгийг улсын төсөвт төвлөрүүлжээ. Үүнээс ашигт малтмалын хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрлийн төлбөр 19.2 тэрбум төгрөг, улсын төсвийн хөрөнгөөр хайгуул хийсэн ордын нөхөн төлбөр 1.1 тэрбум төгрөг, бусад орлого 4.1 тэрбум төгрөг гэнэ. Харин Газрын тосны газар нийт 102.7 тэрбум төгрөг улсын төсөвт төвлөрүүлсэнээс газрын тосны орлого 101.3 тэрбум төгрөг, бусад орлого 1.4 тэрбум төгрөг буй аж.


Гол нэрийн бүтээгдэхүүний төлөвлөгөөний биелэлт

Нэр төрөл Хэмжих нэгж 7 дугаар сарын өссөн

дүнгээр

2015 оны жилийн төлөвлөгөө ба гүйцэтгэл
Экспорт Экспорт
(Биет хэмжээгээр) (Биет хэмжээгээр)
Төлөвлөгөө Гүйцэтгэл % Төлөвлөгөө %
Зэсийн баяжмал

(металл агуулгаараа)

мян.тн 729.2 783.7 107.5 1,250.0 62.7
 Молибдений

баяжмал (металл

агуулгаараа)

мян.тн 1.9 2.7 140.3 3.3 81.8
Нүүрс сая. тн 8.8 8.2 93.7 15.0 54.7
Алт тн 5.8 4.6 78.9 10.0 46.0
 Жонш мян.тн 154.5 161.8 104.7 264.8 61.1
 Төмөр сая. тн 2.0 2.7 132.2 3.5 77.1
 Цайр мян.тн 46.7 64.9 139.1 80.0 81.1
 Газрын тос мян.тн 614.4 614.5 100.1

1,053.0

55.6