Хайгуулын тусгай зөвшөөрлийг энэ сарын 30-наас олгож эхэлнэ
2015 оны 8 сарын 26

2015-08-26- Уул уурхай

Ашигт малтмалын газраас өнгөрсөн нэгдүгээр сараас эхлэн хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдлийн дугаарыг цахим хэлбэрээр олгож эхэлсэн. Өнгөрсөн хугацаанд нийт 2235 дугаар олгож, 1094 өргөдлийг бүртгэн хянан шийдвэрлэсэн талаар мөн Ашигт малтмалын газрын дарга Д.Үүрийнтуяа дуулгалаа. Нийт бүртгүүлсэн аж ахуйн нэгжүүдээс дотоодын хөрөнгө оруулалттай 1076, гадаадын 100 хувийн хөрөнгө оруулалттай 50, хамтарсан хөрөнгө оруулалттай 12 аж ахуйн нэгж байгаа гэнэ.

“Монгол Улсын нутаг дэвсгэрийн зүүн хагасын 11.94 сая га талбай болон баруун хагаст үлдсэн 1.95 сая га талбайд хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдлийг хүлээн авах ажил энэ сарын 24-ний өдрөөс эхэлсэн. Гэвч өргөдлийн дугаар олголтын үйл ажиллагаанд техникийн саатал гарсан тул тухайн өдрийн дугаар олголтыг хүчингүй болгох арга хэмжээ авч, аж ахуй нэгжүүдийн системд хандах эрхийг нэг долоо хоногоор сунгасан. Энэ сарын 30-ны өдрөөс эхлэн цахим дугаар олголт хэвийн үргэлжилнэ” гэж Уул уурхайн сайд Р.Жигжид мэдэгдсэн юм.

Мөн энэ сарын 24-нд гарсан өргөдөл олгох үеэр системд гарсан алдаа, доголдол нь Log-in сервер тооцоолсноос хэт их ачаалал авсантай холбоотой байж болзошгүй гэж Ажлын хэсэг урьдчилсан байдлаар дүгнэж буй гэнэ.

Х.ОЧ-ГЭРЭЛ