Нийтийн тээврийнхэн зөвшилцөлд хүрчээ
2015 оны 8 сарын 27

 2015-08-27  – Нийслэл
1
Өнөө өглөөнөөс эхлэн нийтийн тээврийн үйлчилгээ эрхлэгч 20 аж ахуйн нэгж үйлчилгээнд гарахгүй гэдгээ мэдэгдсэн талаар өчигдөр мэдээлсэн. Харин энэ талаар Нийслэлийн Тээврийн газраас тодруулахад “Нийтийн тээврийн үйлчилгээ эрхлэгч аж ахуйн нэгжүүдийн хүсэлтийг хүлээн авч зөвшилцөлд хүрсэн. Тэд үйлчилгээгээ хэвийн үргэлжлүүлж байгаа” гэсэн тайлбар өглөө.

Тэд “Нийтийн тээврийн удирдлага мэдээллийн болон цахим төлбөрийн систем” төслийг хэрэгжүүлж эхлээд нэг сар болж байна. Төсөл хэрэгжүүлэх явцад нийслэлийн  зорчигч тээврийн үйлчилгээнд авч хэрэгжүүлэх шаардлагатай асуудлуудын талаар зорчигч тээврийн үйлчилгээ эрхлэгч аж ахуйн  нэгж байгууллагууд 2015 оны 8 дугаар сарын 18-ны өдөр хамтарсан албан мэдэгдлээр хүргүүлсэн боловч тодорхой шийдвэр гаргалгүй цаг хугацаа алдаж асуудал хариуцсан төрийн зарим албан тушаалтан,төрийн өмчийн аж ахуйн нэгжийн удирдлагууд  эсрэг байр суурь баримталж өнөөдрийг хүртэл шийдвэрлэгдэхгүй байгаагаас аж ахуйн нэгжүүдийн хэвийн үйл ажиллагаа ажиллагсдын хөдөлмөрийн эрх зөрчигдөж нийгмийн захиалгат үйлчилгээ хүндэрч байна”  хэмээж байсан юм.

Аж ахуйн нэгжүүдийн хүсч байгаа нь нийтийн тээврийн гол ачааг хувийн хэвшлийнхэн үүрдэг. Гэтэл хувийн хэвшлийг шахаж өмчийн ялгавар гаргаж байгаа Зорчигч тээврийн нэгтгэлийн захирал Ц.Одонтунгалагийг огцруулах, мөнгө хураагч нарын ажлын байрыг хадгалж нийгмийн асуудлыг шийдэх, тээврийн гэрээнд өөрчлөлт оруулах зэрэг шаардлагыг тавьсан юм.

Х.ОЧ-ГЭРЭЛ