Дэлхийг гайхшруулж буй монгол эрдэмтэн
2014 оны 2 сарын 10

Duu1-ТЭРЭЭР 166 ГЭР БҮЛИЙГ ЭМЧИЛЖ, ҮРИЙН ЗУЛАЙ ҮНЭРЛҮҮЛЖЭЭ-

Эрхэм дээд баян үр хүүхэд гэдэг. Хүүхдийн мөрөөс болсон гэр бүлүүдэд туслаж, “алтан гар”-аараа эмчлэн, үрийн зулай үнэрлүүлж буян үйлдэж яваа нэгэн монгол эрдэмтнийг дэлхийн хүмүүс үнэлж байна. Энэ хүн бол Анагаах ухаан, Биологийн ухааны доктор, Түвдийн анагаах ухааны оточ маарамба, “Азийн цаа буга” нийгэмлэгийн ерөнхийлөгч Буджавын Баасансүрэн юм. Тэрээр амьдралынхаа 20 жилийг Якутад өнгөрөөж буй бөгөөд эрдэм шинжилгээний ажил эрхлэхийн сацуу олон мянган иргэнийг уламжлалт  анагаах ухааны арга барилаар эмчилж эдгээжээ.

Доктор Б.Баасансүрэн 166 гэр бүлд хүслийн дээд үр хүүхэдтэй болоход нь тусалжээ. Тэрээр “Миний бие олон жилийн турш Монгол, Төвдийн анагаах ухааны эмчилгээний арга барил, эм бэлдмэлд цаа бугын эд, эсийг ашиглах талаар судалгаа хийж, үр дүнгээр нь олон мянган хүнийг өвчин эмгэгээс нь ангижруулсандаа туйлын баяртай байна” гэж хэлсэн байдаг. Ази тивээс Монгол Улсын иргэн түүнийг “Дорнын уламжлалт анагаах ухааны салбарт үнэтэй хувь нэмэр оруулсан эрдэмтэн”-ээр өргөмжилсөн нь нэг талаар манай уламжлалт анагаах ухааны хөгжлийн түвшинг үнэлж буй хэрэг билээ.

Одоогоос гурван жилийн тэртээ ОХУ Б.Баасансүрэн докторыг “Уламжлалт анагаах ухааны хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулсан эрдэмтэн”-ээр шалгаруулсан юм. Тус шагналыг анагаах ухаан, нийгмийн эрүүл мэндийн салбарт онцгой амжилт гаргасан байгууллага, хамт олон, эрдэмтэн, судлаач, эмч, нийгмийн эрүүл мэндийн ажилтнуудад олгодог.

Duu 2 -“МИНИЙ ШАВЬ XXI ЗУУНД ИХ НЭРД ГАРАХ ХҮН ДЭЭ”-

Түүнийг Хөвсгөл болон Якутыг зориход Дамдин аварга их тусалжээ. 1968-1970 онд Дамдин аваргыг ид мандаж байх үед нэрээр нь Хөвсгөлд очиж цаачидтай уулзаж байж. Монголын уламжлалт анагаах ухааныг  авч үлдсэн Хайдавтай нууцаар багш шавийн барилдлага тогтоожээ. Биологийн ухааны академич Шагдарсүрэн бас нэг “бурхан” багш нь. Тэд Б.Баасансүрэнг “Миний шавь XXI зуунд нэрд гарах хүн дээ” гэж хэлдэг байж. Улмаар тэнгэрт халихынхаа өмнө үнсээд “Миний хүүгийн толгойд дэд эрдэмтэн биш доктор цол өгмөөр байгаа юм. Үүний хөөцөлддөг судалгаа дэлхийд цахиур хагалж, шинжлэх ухаан болж гайхагдах цаг ирнэ. Миний шавь гадаад, дотоодын эрдэмтдийн ном, зохиолыг хуулаагүй. Нүүдэлчин монголчуудын анагаах уламжлалыг шинэ эринд нээн гаргаж ирнэ. Та нар харж байгаарай” гэж ам гарч байжээ. Тэрээр чаддаг зүйлээ хөөцөлдөж, багш нарынхаа заасан, сургасан зүйлийг ямагт бодож, ажил, амьдралдаа хэрэгжүүлсээр явна.

Эрдэмтэй хүн даруу гэдэг. Тэрээр өөрийн амжилтаа ардын уламжлалт анагаах ухааны ач гэж ярих дуртай. Тэрхүү хосгүй ухааныг европтой хослуулснаар олон хүнд тус хүргэж байгаа аж. Б.Баасансүрэн доктор эм уулгаад “Чамайг хүүхэдтэй болгоно” гэж хэнийг ч хуурдаггүй. Ургийн бичгээр нь хөөж, хэд дэх үе дээрээ хүүхэд гаргаагүйг нь тодруулж, тан уулган эмчилдэг байна. Тэрээр таван цулаа эрүүлжүүлж байж эх хүн сая эрүүл хүүхэд төрүүлнэ гэж үздэг.

-“НУУЦ АЖИЛ”-ААСАА БОЛЖ ЦАГДААД ДУУДАГДАЖ, БАЙЦААГДАЖ ЯВЖЭЭ-

Докторын ээж Архангайнх, аав нь Баянхонгорын хүн байж. Багад нь эцэг эх нь бурхны оронд очиж, бяцхан хүү их ч зовлон туулжээ. Ах дүү бараг л байхгүйтэй ижил. Гэвч үртэй болсон хүн бүр түүнийг эцэг, эх шигээ дээдэлдэг байна. Тэрээр багаасаа л гартаа увдистай байжээ. Жирэмсэн хүний хэвлийг илээд, хүүхдийг нь зөв байрлалтай болгоно. Цаг хэцүү үед нууцаар энэ “ажил”-аа хийдэг байж. Сав нь хийдсэн, эсвэл хүүхэд нь дутуу гарах гээд байгаа эмэгтэйчүүдийн нуруу, сав, бөөрийг нууцаар барина. Хааяа баригдаж цагдаад хүртэл дуудагдаж, байцаагдаж явжээ. Эмч нарын хувьд ч жирэмсэн эхийг үзээд, хүүхэд нь буруу байрласан бол Б.Баасансүрэн эмчид очиж бариулаад гажаагаа гарга гээд явуулдаг байсан аж. Хүүхэд нь гажсан эмэгтэйг сайн өдөр, судар харж байж эх барина. Энэ бүхнээ улс, амьтнаас нуух зовлонтой. Анхны болон хожуу төрөлт, эсвэл тааруу биетэй бол эртнээс анхаарч, элдэв гажгийг нь засч, багш нараа хүртэл төрүүлж бусдад буян хийж явсан үе түүний амьдралын түүхэнд бичигдэн үлджээ.

Түүнийг Якутад мөсөн дээр барьсан урцанд амьдардаг гэвэл та итгэх үү. Оросын дээр үеийн брезинтээр хийсэн урцанд галаа түлээд аж төрдөг гэхээр хүн тэр бүр үнэмшдэггүй аж. Ер нь цаатнууд нүүдэлчин амьдралтай учраас суурин соёл иргэншлээс хол, тэдэнтэй халж хөрөн, зовж жарган хамт амьдарч байж доктор Б.Баасансүрэн эмийн ургамал, танд орох дайвар зүйлээ олж авдаг. Тэр амьдралдаа хачин их дуртай нэгэн аж. Зарим хүн “Иш чааваас даа. Ингэж ч өөрийгөө сайн дураараа цөлж байх гэж” хэмээн халагладаг байна. Гэвч тэрээр олон хүнийг үр хүүхэдтэй болгож, буян үйлдэж яваа хэмээн өөрийн амьдралдаа гэрэл гаргаж, зөвтгөдөг ажээ. Тэрээр хэлэхдээ “Үр хүүхэдгүй байхын зовлонг үгээр хэлэх юм биш. Би хүн эмчилж, үр хайрлаж байна. Бэрх нөхцөлд амьдрах маань надад сонин биш” гэсэн. Энэ л сэтгэлээрээ доктор Б.Баасансүрэн өвчин, зовлонтой гадны хүмүүсийг эмчилж, их нэрд гарчээ. Түүнийг үзээд якутууд наадам болж байгаа аятай оволздог байна.

-ЯКУТУУДЫН “БУРХАН ЭМЧ”-

-Доктор Б.Баасансүрэнг зарим эрдэмтэн халх хүн биш, эрлийз, Якут гаралтай гэж хүртэл адалж байжээ. Тэр өөрийгөө өрөвдөлтэй якутуудад туслахаар заяагдсан хүн гэсэн. -72 хэмийн хүйтэнд хөлдүү мөсөн дээр майхан бариад амьдарч байгаа эмэгтэйчүүд эрүүл байх нь ховор биз. Бурхан аз хайрласан тохиолдолд эмэгтэйчүүдийнх нь 40 хувь хүүхэд гаргадаг. Өндгөвч нь царцаад, хүүхэд тээх чадваргүй болчихдог аж. Ийм хүмүүс дэргэд нь байхад яаж өрөвдөхгүй, тоохгүй, хайрлахгүй хаяад явах вэ. Тиймээс тэрээр болдогсон бол хүүхэд төрүүлдэггүй бүх эмэгтэйг нь эмчилмээр санагддаг хэмээн ярина. Үнэндээ якутууд түүнд хачин их хайртай ажээ. “Өнөөх сүрхий эмч чинь явж байна. Унаа уншийг нь залгуулчихъя, юу хэрэгтэй вэ” гээд гүйлддэг байна.

-50-60 хэмийн хүйтэнд цаа бугын биеийг царцаахгүй авч давхидаг юу тэдэнд байна? -72 хэмийн хүйтэнд хөлдчихөлгүй хүний хөсөг болж байгаа цааны нууц юунд байгааг тайлах санаатай л хүйтэн газар луу явдгаа тэр хэлсэн.

Хүмүүсийн эрүүл мэндийн төлөө амьдралаа зориулсан зовлон жаргалыг нь мэддэг, ойлгодог хүн байгаасай гэж тэр хүсдэг юм билээ. Учир нь Б.Баасансүрэн доктор баян болох гэж энэ хүйтэн хөндийг зориогүй. Хойч үедээ эрдмээ үлдээх гэсэндээ судалгаа хийж явна.

Анх Якутын Шинжлэх ухааны академи түүнийг тийм ч дуртай хүлээж аваагүй байна. Улс орны нууц гэж бий. Улаан номд орсон амьтныг хэн дуртай хүнээр судлуулахгүй. Том гүрэн том байдагчлан хаалттай бүс рүүгээ монгол эмчийг зүгээр оруулдаггүй байна. Тагнуул мэт сэрддэг тэнд доктор Б.Баасансүрэн хүний хайрыг татан байж өөрийн орон зайгаа олж авчээ. Тэрээр “Би биологийн ухааныг судалсан мэргэжлийн хүн, цааны тэжээлийг судлах гэж явна” гэдэг байжээ.

-АЖЛЫНХАА ТӨГСГӨЛ, ҮР ДҮНГ ҮЗЧИХЭЭД НУТАГТАА ИРНЭ ЭЭ-

Тэрээр Б.Жав багштайгаа хамт аймгуудаар явж монголчуудынхаа эрүүл мэндийн талаар судалгаа хийжээ. Үргүйдэлд хүүхдүүд буруутай биш шүү гэж хэлэх дуртай энэ хүн монголчуудын уламжилж ирсэн амьдралаас хоцорсон лай ланчиг, хараал хийсэн, удамшлын гаралтай, элдэв өвчнөөс шатгаалсан, генетиктэй холбоотой янз бүрийн зүйлээс үргүйдэл шалтагладаг гэсэн. Ялангуяа хар хэл амны үзүүрээр, хараалаар хүүхдийн заяа, буяныг хаачихсан ч тохиолдол сүүлийн үед гарах болжээ.

Одоогоос гурван жилийн өмнө Монгол докторын сайхан сэтгэл, авьяас билгийг өндрөөр үнэлэн Австрийн эзэн хаан “Хүн зонд үнэнийг ойлгуулдаг” гэсэн шагнал хүртээж, түүнийг үнсчээ. Энд ч тэнд ч, түүний хийж байгаа ажил монголчуудын нэр дээр хаяглагдана гэдэгт тэр итгэдэг. Оросууд иргэнээ болгох гэдэг ч тэр зөвшөөрөлгүй өнөөдөртэй золгожээ. Доктор Б.Баасансүрэн хийж байгаа ажлынхаа төгсгөл, үр дүнг үзчихээд нутагтаа ирэхээр төлөвлөж байгаа аж.

Д.ЭРДЭНЭТУЯА

 

Хариулт үлдээх

Your email address will not be published.

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.