Нинжа нар Гачууртын орд руу дайрсаар байна
2015 оны 9 сарын 15
2015-09-14-Уул уурхай

Өнгөрөгч баасан гаригт Сэлэнгэ аймгийн Мандал сумын нутаг дахь Гачууртын орд руу 300 орчим хууль бусаар алт олборлогч буюу “нинжа” нар дайрсан гэх мэдээлэл байна. Энэ үеэр нэгэн иргэн шороонд дарагдаж гурван цаг гаруй болжээ. Тэгвэл Мандал сумын засаг дарга Н.Нямдаваагийн мэдээлж буйгаар гурван цагийн дотор онцгой байдлын алба хаагчид иргэнийг аварч эмнэлэгт үзүүлжээ. Одоо биеийн байдал нь зүгээр гэв.

Харин засаг дарга Н.Нямдаваагийн мэдээлж буйгаар Гачууртын орд руу “нинжа” нар бүлэглэн дайрах явдал олон гардаг гэв. Тэрбээр “Энэ өвлөөс хойш 10 орчим удаа орд руу дайрсан. “Нинжа” нараас ордыг хамгаалах ажилд бараг 20-30 сая төгрөг зарлагадаад байна” гэв.

Гачууртын ордын нөөцийн хэмжээг сонссон “нинжа” нар байнга нууцаар ухах гэж ирдэг болжээ. Ихэнхдээ Хөвсгөл, Говь-Алтай, Баянхонгор, Өвөрхангай, Архангай, Төв аймгийн Заамар сумаас “нинжа” нар хулгайгаар газар ухахаар ирдэг гэв. Тиймээс Мандал сумын Засаг даргын тамгын газар, цагдаагийн газар, “Ойн сан” нөхөрлөл зэрэг байгууллагуудтай хамтран байнгын бэлэн байдалд, хамгаалалтад ажиллаж байгаа аж.

Э.ЭНЭРЭЛ