Ашигт малтмалын газрын хууль бус үйлдлийг АТГ-д шалгуулж байна гэв
2015 оны 9 сарын 29

d63e55c1c7157b48original

Ашигт малтмалын газраас хайгуулын тусгай зөвшөөрлийг цахимаар олгож эхэлсээр багагүй хугацаа өнгөрөөд байна. Гэвч даваа гариг бүрт олгодог өргөдлийн дугаарын цахим системийн  Login серверт хэд хэдэн удаа алдаа гарснаас болж техникийн саатал үүсч байгааг аж ахуйн нэгж, байгууллагууд хууль бус үйлдэл хэмээн тайлбарлаж байна. ААН, байгууллагын төлөөлөл болж “Баян газрын хишиг” ХХК-ийн Хуулийн зөвлөх Б.Сугар, “Ундрах өргөө” ХХК-ийн Хуулийн зөвлөх Б.Баттуул нар мэдээлэл хийлээ

-АШИГТ МАЛТМАЛЫН ГАЗРЫГ АТГ-Т ӨГСӨН-

Ашигт малтмалын газар нэг бол программ нь гацдаг, эсвэл хүн нь программаа гацаадаг технологируу нэвтэрчээ. Өнгөрсөн баасан гаригт  болсон сонгон шалгаруулалтыг хууль бус гэж үзэж байна.

Учир нь сонгон шалгаруулалтынхаа урилга дээр АМГ-ын батлагдсан комисс нь  Уул уурхайн сайдын 2015 оны 10 сарын 10 тоот тушаалаар батлагдсан тусгай зөвшөөрлийн сонгон шалгаруулалтын журмын дагуу явуулах тухай заасан байдаг, яг одоо интернэтэд байршуулсан байгаа журам нь энэ.  Гэтэл Ашигт малтмалын газрын нөхдүүд 2015 оны 06 дугаар сарын 29-ний 126 тоот шинэчилсэн журмаараа сонгон шалгаруулалт явуулсан. Ингээд тав, зургаан компанийг хасчихсан. Бид урилгынхаа дагуу материалаа бүрдүүлээд өгчихдөг, гэтэл тэд шал өөр журмаар сонгон шалгаруулалт хийж байна.

-ТӨРИЙН АЛБАН ХААГЧИЙН ЁС ЗҮЙ МӨН ҮҮ-

Ашигт малтмалын газрын гаргаж буй дараагийн хууль бус үйлдэл бол төрийн албан хаагчийн ёс зүйгүй байдал. Учир нь бид материалаа бүрдүүлж өгөхөд урилга дээр хэдэн сарын хэдний өдрийн хэдэн цагаас хэдэн цаг хүртэл материал хүлээж авах тухай тодорхой бичсэн байдаг. Бид 250.000 төгрөгөөр тендерийн урилга худалдан авч, бүтэн сарын турш материалаа бүрдүүлэх гэж маш их хүч хөдөлмөр гаргадаг. Ингээд сонгон шалгаруулалт болох өдрөө өглөө эрт очиж дугаарлан зогсож байхад 16.00 цаг гэхэд дөнгөж материалаа хүлээж авч эхэлнэ. Гэтэл материал хүлээж авах сүүлийн хугацаа нь 17.00 цаг байдаг.

Ингээд дугаарын дагуу эхний хоёр гурван компани дээр тус бүр 20, 30 минут зарцуулна. Бүтэн сарын турш материалаа бүрдүүлсэн хүмүүс цагтаа амжаад бүртгүүлчихийн тулд яарч байгааг харсан ахмад мэргэжилтэн нь гарч ирээд биднийг өрөөнөөс түр гарахыг шаардаж, материалыг чинь заавал авна гээд гаргадаг. Ингээд 16.55 цаг болж байхад өөрөөр хэлбэл материал хүлээн авах хугацаа дуусаагүй байхад ахлах мэргэжилтэн нь гадаа үүдэнд тамхи татаад зогчихно. Энэ төрийн албан хаагчийн ёс зүй мөн үү?

Бид АТГ-д хүртэл материалаа хүргүүлчихсэн байгаа. Ийм шударга бус зарчмаар сонгон шалгаруулалт явуулж байх юм бол анхнаасаа яах гэж олон нийтэд ийм байдлаар зарлаж,  нийтэд мэдээлсэн юм бэ? энийг бид өөрсдийнхөө хэдэн компаниудад л тусгай зөвшөөрөл олгох гэж ийм будлиан хийж байна гэж ойлгож байна. Бусад компаниуддаа шударга өрсөлдөх боломж өгөөчээ гэж гуйж байна. Эрхэм хүндэт Ашигт малтмалын газрын дарга нараа.

-ЭРХ НЬ ЗӨРЧИГДСӨН БУСАД КОМПАНИУДЫГ НЭГДЭХИЙГ УРИАЛЛАА-

Ашигт малтмалын газрын энэ зөрчлүүдээс болж арван компани материалаа өгч чадаагүй. Бусад шударга бус байдлын хохирогч болж материалаа өгч чадаагүй газруудыг нэгдэж энэ шударга бус зүйлийн төлөө тэмцье хэмээн дээрх байгууллагын Хуулийн зөвлөхүүд мэдээллээ.