Ерөнхий сайд вальютын ханшийг тогтворжуулахад иргэд гадаадаас авдаг хэрэгтэй хэрэггүй зүйлээ багасгах хэрэгтэй гэв
2014 оны 2 сарын 27

30 минутУулзалт ярилцлагын эхэнд өнгөрсөн долоо хоногт Засгийн газрын гишүүд хөдөө орон нутагт түлхүү ажилласан,  Ерөнхий сайд өөрөө Орхон аймаг, Эрдэнэтийн уулын баяжуулах үйлдвэрт ажилласан талаараа   сэтгүүлчдэд мэдээллээ.  Уулын баяжуулах “Эрдэнэт” үйлдвэрийн хувьд гурван чухал ажил хийснийг дурдлаа. Хямд үнээр авах боломжтой зүйлийг өндөр үнээр авдаг бизнесийг таслан зогсоосны үр дүнд 38 тэрбум төгрөг хэмнэж, 130 гаруй тэрбум төгрөгийн өртөгтэй агуулахын үлдэгдлийг 30 гаруй тэрбум төгрөгөөр багасгаж чадсан байна. Дотооддоо үйлдвэрлэж болох зүйлийг гадаадаас авахгүй гэсэн зарчмыг хэрэгжүүлж эхэлсэн нь зөв эхлэл болсон байна гэлээ.

Уулзалт ярилцлагад Монголбанкны Ерөнхийлөгч Н.Золжаргал оролцож, валютын ханшийн хэлбэлзэл, мөнгөний бодлого, Монгол улсын эдийн засгийн байдлын талаар мэдээлэл хийж, сэтгүүлчдийн асуултад хариуллаа. Сүүлийн таван жил Монгол улсын гадаад худалдаа тотмол алдагдалтай байж сардаа 100-200 сая долларын алдагдал хүлээж байсан.   Өнгөрсөн онд гадаад худалдааны гол бүтээгдхүүнүүд, тэр дундаа нүүрсний үнэ сул байсан нь монголын эдийн засагт тохиолдсон хүндрэлийн нэг гэж Монголбанкны Ерөнхийлөгч хэлсэн юм.

Энэ жилийн хувьд оны хоёрдугаар хагасаас нүүрсний үнэ өсөх хандлагатай байгаа. Гадаадын хөрөнгө оруулалтын хувьд эерэг тоонууд харагдаж эхэлсэн. Оны эхний хоёр сард 280 сая долларын хөрөнгө оруулалт орсон байна. 2014 оны эхний нэг сарын худалдааны тэнцэл анх удаагаа тэнцвэртэй гарлаа. Оны эхэнд байсан нэг доллартай харьцах 1700 төгрөгийн ханш  нь гадаад худалдаа тэнцвэржихэд боломжтой ханш гэж манай мэргэжилтнүүд үзэж байгаа гэж тэрээр хэллээ. Өнгөрсөн жилийн мөн үеийнхтэй харьцуулахад гадаад валютын орох урсгал нэмэгдэж, гарах урсгал багассан үзүүлэлттэй байна. Монгол банкны зүгээс  гадаад худалдаа тэнцвэртэй болгож эхэлж байгаа энэ ханшийг хамгаалах бодлого баримтлана гэлээ. Монголбанкинд тушааж байгаа алтны хэмжээ өнгөрсөн оны эхний хоёр сард   500 кг байсан бол өнөөдрийн байдлаар 1300 кг алт тушаажээ. Энэ нь нүүрснээс алдаж байгаа алдагдлыг нөхөх хэмжээний өсөлт  гэнэ.

Валютын ханшийг өсгөхгүй байх нь зөвхөн Монголбанкны хийх ажил биш манай иргэд, аж ахуйн нэгжүүд гадаадаас авдаг хэрэгтэй хэрэггүй зүйлээ багасгаж, дотооддоо үйлдвэрлэдэг болох нь чухал гэдгийг Ерөнхий сайд хэлээд Засгийн газар энэ чиглэлээр “Монголдоо бүтээцгээе” уриа дэвшүүлэн ажиллаж байна. Та бүхэн сайн дэмжээрэй гэлээ.

Мөн Монголбанкны Ерөнхийлөгч валютын нөөц хангалттай байгаа. Долларын ханшийг одоогийнхоос нэмэгдүүлэхгүй байх бүх боломж бий гэж хэллээ гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албанаас мэдээллээ.