“Оюутолгой” төслийн далд уурхай үргэлжлэх үү?
2014 оны 3 сарын 3

OTАнглид төвтэй AMEC компани “Оюутолгой” төслийн дараагийн үе шатанд ажиллах багийг бүрдүүлж байна хэмээн Cover Mongolia мэдээллийн сүлжээ мэдээллээ. Тус компани Австралийн Seek.com.au сайтад төслийн ахлах мэргэжилтэн /далд уурхайн туршлагатай/, төслийн менежмент, төслийн үйлчилгээний менежер, төслийн хяналтын менежерийн албан тушаалд ажиллах хүмүүс хайж байгаагаа өчигдөр мэдээлсэн байна.

АМЕС нь уул уурхай, газрын тос, хий, дэд бүтцийн салбарт ханган нийлүүлэлт, зөвлөгөө, инженерчлэл, төслийн менежментийн үйлчилгээ үзүүлдэг компани. 40 улсад 27 мянган ажилтантай бөгөөд жилийн орлого нь ойролцоогоор 3 тэрбум фунт стерлинг. 2010 оноос хойш “Оюутолгой” төсөл дээр ажиллаж байгаа бөгөөд далд уурхайн 1 дүгээр лифтний ТЭЗҮ-ийг хийж байгаа аж. 

АМЕС компани ийм мэдээлэл тавьсан нь “Оюутолгой” төслийн далд уурхайн үйл ажиллагаа удахгүй эхэлж магадгүй гэсэн таамаглал дэвшүүлэхэд хүргэж байгаа юм.

“Оюутолгой” төслийн далд уурхайн санхүүжилтэд оролцохоор мэдэгдсэн 15 банк санхүүжилт өгөх сүүлийн хугацаагаар энэ сарын 31 болгож хойшлуулсан. Харин Европын сэргээн босголт хөгжлийн банк, Олон улсын санхүүгийн корпораци өнгөрсөн сарын 26-нд зээл олгох хугацаа нь дууссан ч хойшлуулсан байж болзошгүй байна. Албан ёсны мэдээлэл гараагүй ч албаны эх сурвалж ЕСБХБ хугацаагаа энэ сарын 31 хүртэл сунгасан хэмээн мэдээлж байна. Дээрх 2 банк нийлээд 900 сая хүртэлх ам.долларын зээл олгох боломжтой гэдгээ илэрхийлж байсан билээ.

Банкуудаас далд уурхайн санхүүжилтийг авахын тулд “Оюутолгой” төслийг хэрэгжүүлэгч “Рио Тинто”, “Эрдэнэс Оюутолгой” компани далд уурхайн санхүүжилтийг хүлээн зөвшөөрсөн байх ёстой. “Оюутолгой” ХХК-ийн ТУЗ хуралдаж, банкуудад албан ёсоор хандах юм.  “Оюутолгой” ХХК-ийн ТУЗ хуралдах эсэх талаар одоогоор тодорхой мэдээлэл гараагүй байна.

Ямар ч байсан далд уурхайн санхүүжилтийн талаар “Рио Тинто”, Засгийн газар зөвшилцөлд хүрч чадаагүй хэвээр байна.

Х.ИНДРА