Ботаникийн цэцэрлэгт хүрээлэнгийн “хувь заяа” хаашаа эргэх бол?
2016 оны 3 сарын 17

Монголын оюутан залуучуудын нэгдэл, Чулуутын задгай холбоо ТББ, БЗД-ын 12-р хорооны иргэд, бусад хөдөлгөөнүүд хамтран гуравдугаар сарын 17-нд эсэргүүцлийн жагсаал хийх гэж байна. Учир нь зүүн бүсийн соёл амралтын хүрээлэн болох Ботаникийн цэцэрлэгт хүрээлэнг хэвээр авч үлдэхийг тэд хүсч байгаа аж. Энэ тухай “Чулуутын задгай холбоо” ТББ-ын тэргүүн Г.Батбаатар “Ботаникийн цэцэрлэгт хүрээлэнд данстай 34,4 га газар бий. Үүнээс зургаа болон хоёр га газарт нь эмнэлэг барихаар болоод байна. Манайх шиг хотын төвдөө томоохон эмнэлэг, их дээд сургуулиуд, үйлчилгээний газар бөөгнөрчихсөн улсад захдаа нэг ч гэсэн эмнэлэгтэй болж байгаа нь сайшаалтай. Гэхдээ энэ удаад газрын тал дээр уян хатан бодлого барьж эмнэлгээ ч барь, иргэд бидэнд хүрээлэнгийн газрыг ч үлдээ. Өнөөдөр Улаанбаатар хотод иргэд маань амралт чөлөөт цагаа өнгөрүүлж байх Соёл амралтын хүрээлэн хэд байгаа билээ. Ганц байгаа Ботаникын цэцэрлэгт хүрээлэнгээ тордоод авахын оронд тэг дунд нь том барилгаар сольчихоор нар салхи бараадсан хүүхэд хөгшид хаачих юм бэ” гэж ярилаа. Энд тодруулахад Хотын захирагч Э.Бат-Үүл, Боловсрол шинжлэх ухааны яамны сайд Л.Гантөмөр нар Японы дэмжлэгтэйгээр Анагаахын шинжлэх ухааны салбар эмнэлэг барихаар санамж бичигт гарын үсэг зуралцсан байдаг аж. Өөрөөр хэлбэл /Японы Токио хот/ хот хоорондын найрсаг харилцааны гэрээний дагуу 45 сая долларын дэмжлэгтэйгээр уг эмнэлгийг барих гэнэ.

Б.МӨНХЖИН