Эрх мэдэлтнүүд Ноён уулыг ухуулахаар бэлтгэж эхэлжээ
2016 оны 6 сарын 7

b36e31c4f26a576794c12bc7ae1576af81b8a7edЭрх мэдэлтнүүд Ноён уулыг ухуулахаар бэлтгэж эхэлсэн талаар албаны эх сурвалж мэдээллээ.

Сэлэнгэ аймгийн Мандал суманд Ноён уул оршдог. Энэ уул хүдрийн 27 667 378 тонн, алтны 75 942,11 тонн нөөцтэй нь тогтоогдсон. Энэ баялгийн 66 хувийг “Сентерра Гоулд” ХХК, 34 хувийг төр эзэмшихээр болсон бөгөөд ашиглалтын 4 лиценз нь “Сентерра Гоулд” ХХК-д байдаг.

Харин “Сентерра Гоулд” ХХК-ийн эзэмшдэг ашиглалтын дөрвөн лиценз нь хууль бус тул цуцалж өгнө үү хэмээн “Ноён уулаа аваръя” хөдөлгөөн, өмгөөлөгч Г.Батбаяр, Монголын Байгаль Орчны Иргэний Зөвлөлийн хяналтын хорооны дарга, “Ноён Уулаа авръя хөдөлгөөний Улаанбаатар хотдохь салбар зөвлөлийн тэргүүн Ж.Ганбаатар нар Нийслэлийн захиргааны хэргийн шүүхэд өргөдөл гаргасан.

Улмаар хариуцагчаар Ашигт малтмалын газрыг татсан. АМГ нь гуравдагч этгээдээр Монгол улсын Засгийн газрыг татаад байгаа. Нэхэмжлэгч тал хүсэлт гаргасны дагуу Ноён ууланд болон Ашигт малтмалын газарт шүүхээс үзлэг хийсэн юм.

Улмаар шүүхээс өнгөрсөн тавдугаар сарын 19-нд Сэлэнгэ аймгийн Мандал суманд орших Ноён уулыг ухах 4 ашиглалтын лицензийг шүүхээс цуцлах нь зүйтэй гэж үзсэн. Харин хариуцагч тал шүүхийн шийдэврийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа тул давж заалдахаа мэдэгдэж байсан.

Ноён уулыг ашиглах, олборлохтой холбоотой шүүх хурал өчигдөр нийслэлийн Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд болсон байна.  Шүүх бүрэлдэхүүн хэргийг хянан хэлэлцээд талуудыг хэргийн материалаа дахин бүрдүүлэхийг даалгасан талаар Нийтийн эрх ашгийг хамгаалах холбооноос мэдэгдээд байгаа.


Тэгвэл бидэнд нэг ноцтой мэдээлэл ирлээ. Төрийн эрх барьж буй эрх мэдэлтнүүд Ноён уулыг “Сентерра Гоулд” ХХК-иар ухуулж ашиглуулах асуудлыг сонгуулиас өмнө нэг тийш нь болго гэх үүргийг Төрийн байгууллагуудад өгсөн байна.

Энэ талаар Ашигт малтмалын газрын албаны эх сурвалж бидэнд мэдэгдэхдээ “Ноён уултай холбоотой асуудлыг ирэх Засгийн газар байгуулагдахаас өмнө нэг тийш нь шийдвэрлэх үүргийг манай байгууллагад өгсөн. Улмаас энэ асуудалтай холбоотойгоор ажлын хэсэг Ашигт малтмалын газарт ажиллаж байгаа. Сонгуулиас өмнө Ноён уулыг “Сентерра Гоулд” ХХК-ний мэдэлд эргүүлэн өгөх үүрэгтэй” гэлээ.

Ямартаа ч, эрх мэдэлтнүүд сонгуулийн халхавч доор Ноён уулаа гадныхнаас ухуулах асуудлыг тохиролцоод байгаа бололтой.

Б.ДЭЖИД