Үнэт цаасны арилжаа эрхлэгчдийн холбоо ЗГ-ын шийдвэрийг эсэргүүцлээ
2016 оны 6 сарын 14

Монгол улсын иргэн бүрт эзэмшүүлсэн “Эрдэнэс Тавантолгой ХК –ны 1072 хувцааны 30 хувийг ЗГ-аас худалдаж авах шийдвэрийг өнгөрсөн долоо хоногт гаргасантай холбогдуулан өнөөдөр Монголын үнэт цаасны арилжаа эрхлэгчдийн холбооноос ЗГ-ийн уг шийдвэрийг эсэргүүцэж “MN мэдээллийн төвд” хэвлэлийн бага хурал хийлээ.
Үнэт цаасны арилжаа эрхлэгчдийн холбооныхон хэлэхдээ :өнгөрсөн долоо хоногт ЗГ-аас “Эрдэнэс Тавантолгой ХК –ны 1072 хувьцааны 30 хувийг иргэн бүрт тараах шийдвэр гаргасан билээ. 
Харамсалтай нь ЗГ-ийн зүгээс энэ үйл ажиллагааг мэргэжлийн холбогдох байгууллагуудтай огтхон ч зөвшилцөлгүйгээр арилжааны банкуудаар дамжуулан хийж байгаа нь Монгол улсын Үнэт цаасны зах зээлийн тухай холбогдох хууль журмуудыг зөрчиж байна. Тиймээс ЗГ-аас ийнхүү үнэт цаасны зах зээлийн зохицуулалт ,бусад хууль тогтоомж, хөрөнгийн зах зээлийн тогтолцооны зарчмуудыг бүдүүлгээр зөрчиж байгаа явдалд мэргэжлийн оролцогчид бид харамсч байгаагаа илэрхийлэн, хуулийн дагуу үйл ажиллагаа явуулхыг шаардаж байна. Эрдэнэс Тавантолгой ХК нь өнөөг хүртэл үнэт цаасны арилжааны компанид бүртгэлгүй байгаа, мөн Монгол улсын 3 сая иргэнийг ч бүртгээгүй. Тэгсэн мөртлөө өнөөдөр энэхүү үйл ажиллагааг хуулийн хүрээнд бус , брокерууд, хөрөнгийн биржээр дамжуулан хийхгүй ,арилжааны банкуудаар дамжуулан хийж байгаа нь буруу юм. Түрүүчээсээ ард иргэд манай үнэт цаасны арилжаа эрхлэгчдийн холбоонд хандаж энэ талаар асууж лавлаж байна. Яахав ард түмэндээ мөнгө тарааж болно, гэхдээ үүнийгээ хуулийн хүрээндээ хийгээчээ гэдгийг л бид шаардаж байгаа юм. Өөрөөр хэлбэл уг үйл ажиллагаа үнэт цаасны компаниудаар дамжин хийгдэх ёстой. Өнөөдөр Монгол улсын хөрөнгийн зах зээл хэдэн арилжааны банкуудад ноёлуулаад байна. Компаний хувьцаанд ингэж дураараа улс төрийн шийдвэрээрхандаж болохгүй. Хөрөнгийн зах зээл улс төрчдийн тоглоом болж хувираад байна. Манай холбооны зүгээс энэ асуудлын талаар цаашид ч ЗГ-тай ярилцах болно гэлээ.

Э.ЭНЭРЭЛ