Оюутолгойн 34 хувийг хөрөнгө оруулагч талд зарах уу
2014 оны 4 сарын 27

-“РИО ТИНТО” БАНКУУДАЙГАА ЗЭЭЛИЙН НӨХЦӨЛӨӨ ТОХИРЧ ЧАДАХГҮЙ БАЙГАА АЖ-

OTОюутолгой компаний үйл ажиллагаа хэрхэн, яаж явахаас Монголын ирээдүй хамаарна. Түүхэндээ байгаагүй ашигтай гэрээ байгуулснаа зарлаж, Оюутолгой төслийг хэрэгжүүлж эхэлсэн нь саяхан мэт санагдавч чамгүй хугацаа өнгөрчээ. Оюутолгойн гүний уурхайн санхүүжилтийн асуудлыг хэрхэн шийдвэрлэх талаар хувь нийлүүлэгч талууд ярилцсаар байгаа гэдэг ч өнөөдрийг хүртэл тодорхой шийдэлд хүрч чадаагүй байна. Энэ оны нэгдүгээр сарын сүүлч гэхэд Оюутолгойн асуудал бүрэн шийдэгдэнэ гэж холбогдох албаныхан мэдэгдэж байсан ч хөрөнгө оруулагч тал “гэдийгээд” өнөөдөртэй золгосон гэх мэдээлэл бий юм.

Нөгөө талаар, хөрөнгө оруулагч тал далд уурхайн санхүүжилтэд авах зээлийн нөхцөлийг банкуудтайгаа тохирч чадахгүй байгаа нь Оюутолгой төслийг үргэлжлүүлэхгүй, зогсонги байдалд оруулаад буйн шалтгаан хэмээн тайлбарлаж байна. “Байнд ч үгүй, банзанд ч үгүй” гэгчээр баялгийн эзэн хоосон байгаад эдийн засагчид шогширч буй. Учир нь энэ төслийг эхлүүлснээс хойш монголчуудын амьдралд наалдсан зүйл үгүй, хүртсэн ашиг ч үгүй, хоосон хэвээр байгаа гэхэд хатуудсан болохгүй биз ээ. Төсөл зогссоноос болж эдийн засагт хүндрэл учирч буй тул яаж ийж байгаад үргэлжлүүлж, санхүүжилтээ оруулж ирэх ёстой гэж мэргэжлийнхэн зөвлөсөөр байна.

-МОНГОЛЫН ТАЛЫН ЭЗЭМШИХ ХУВИЙГ ЗАРАХГҮЙ ГЭВ-

Сүүлийн өдрүүдэд Оюутолгой төслийн Монголын талын эзэмших 34 хувийг худалдах асуудал хүчтэй яригдаж эхэллээ. Монголын эдийн засаг хүндэрч, эрчимжүүлэх арга хэмжээнүүдийн хүрээнд Оюутолгойн 34 хувийг хөрөнгө оруулагчдад худалдах тухай яриа дээгүүр нэлээд газар авчээ. Энэ нь хөрөнгө оруулагчид хэлснээсээ буцаж, хийх ёстойгоо хийхгүй байгаатай холбоотой гэж тайлбарлах нэгэн байна.

Монголын Засгийн газар 34 хувь эзэмших нь ашиг тусаа өгөхгүй, энэ хэмжээндээ таарсан хөрөнгө оруулалт гэж манай талаас их хөрөнгө гарна гэж эдийн засагчид дүгнэдэг юм билээ. Хэзээ ашиг хүртэх нь тодорхойгүй 34 хувийг эзэмшиж байхаар хөрөнгө оруулагчдад буцааж өгөөд, оронд нь роялтигаа 15 хувь болгож нэмэгдүүлж авъя гэсэн санааг зарим хүн дэвшүүлсэн удаатай. Гэвч галт тэрэг нэгэнт хөдөлсөн. Замын дундаас Засгийн газар 34 хувиасаа татгалзах гэж байгаа бол хариуд нь хөрөнгө оруулагчид роялтигаа 20 хувь болгож, олборлосон бүтээгдэхүүн дээр тооцож авах нь илүү ашигтай хувилбар бололтой.

Оюутолгойн 34 хувиа Монголын тал хөрөнгө оруулагчдад зарах эсэх талаар салбарын сайд УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан дээр тайлбарлав. Тэрээр хэлэхдээ “Оюутолгойн талаар нууж хаах зүйл байхгүй. 34 хувийг нь ч зарах талаар яриагүй. Гадаад, дотоодын хөрөнгийн бирж дээр үнэлэгддэг асуудлыг судалж үзье гэж тусгасан. Хөрөнгө оруулагчид гэрээгээр болон Монгол Улсын хуульд заасан үүргээ биелүүлээд ажиллана гэж бодож байна” гэсэн албан ёсны хариулт өгсөн. Гэхдээ энэ 34 хувь хэзээ мөдгүй зарагдчихаж мэдэх талаар эх сурвалжууд мэдээллэж буй юм.

Х.ИНДРА