Дэлхийд цуутай Оюутолгойтой танилцсан улстөржөөгүй аялал
2014 оны 4 сарын 7

Монголын Хэвлэлийн хүрээлэнгийн дэргэдэх эдийн засгийн сэтгүүлчдийн “Өөрчлөгч” клубын гишүүд Өмнөговь аймгийн Ханбогд суманд орших Оюутолгойн уурхайг зорилоо. Баяжмалаа гаргаад удаагүй байгаа баяжуулах үйлдвэрийн ажилтай танилцахаар явсан сэтгүүлчид маань хувьтай хүн хур борооноор гэгчээр цастай хамт Өмнөговьд очсон юм. Цаг агаарын байдлаас шалтгаалж онгоц хойшлон, оройн 19 цагт Ханбумбат онгоцны буудалд буулаа. Онгоцны буудлаас цааш автобусаар яван Оюутолгой төслийн талбайд хүрэв. Оюутолгой төслийн талбайд нэвтрэхээс эхлээд бүхий л зүйл нь дүрэм журмын дагуу явагддаг байна. Бидэнд нэг нэг ширхэг нэвтрэх карт өгсөн нь төслийн талбайд хууль ёсоор нэвтрэх боломж олгож байгаа аж. Энэхүү картыг хаана ч явсан биедээ авч явах ёстой. Мөн төслийн талбайд автобусаар явахдаа байнга бүсээ бүсэлсэн байх ёстойг албаны хүмүүс сануулсаар байлаа.

       Энэ мэтчилэн аюулгүй байдлыг хангах дүрэм журмууд Оюутолгой төслийн талбайд мөрдөгдөнө. Төслийн талбайд нэвтэрсэн даруйдаа бид ажилчдын VIP гэрүүдэд тухалсан юм. Хөргөгч, зурагт, ус буцалгагч, сэнс зэрэг шаардлагатай цахилгаан хэрэгсэлтэй, шалны халаалттай тохилог гэрт хоёр хүн байрлах зориулалттай. Ингээд маргааш өглөө эрт босч уурхайтай танилцах төлөвлөгөөтэй сэтгүүлчдийн аялал эхэлсэн юм.

             Оюутолгойд нар мандахыг харлаа

        Өглөө эрт босч, Оюутолгойд нар мандахыг харлаа. Говийн нар хөөрөх агшин, нарны туяа Монголын хамгийн том бүтээн байгуулалтыг гэрэлтүүлэх агшин үнэхээр гайхалтай санагдсан. Хамгийн эхэнд хаа сайгүй байшин барилгынхаа хананд “Ажлаа үргэлжлүүлэхэд аюултай байвал яг одоо ажлаа зогсоо” гэсэн самбаруудыг байрлуулсан нь нүдэнд тусав. “Өдөр бүр хүн болгон ажлаасаа эрүүл, аюулгүй эргэн ирэхүйц осол аваар, өвчлөлгүй ажлын байрыг хамтдаа бий болгох” гэсэн аюулгүй ажиллагааны уриатай “Оюу Толгой” компанийн хувьд хамгийн түрүүнд аюулгүй байдлыг хангах нь гол зорилго аж. Тиймээс ч төслийн талбайд байрлаж буй ажилчид, зочид хэн ч байсан хамгаалалтын малгай, нүдний шил, хантааз, төмөр хоншоортой зориулалтын гутал зэргийг өмсөх ёстой. Үүнийг бид ч мөрдсөн.

        Өглөө зургаан цагт босоход ажилчид аль хэдийнэ босч, хоолондоо орцгоож байв. Асар том хоолны зааланд дарга, ажилчид, гадаад монгол гэж хамаарахгүйгээр бүх л ажилчид монгол, европ хоолноос сонгон үйлчлүүлдэг. Түүний хажуугаар бүх төрлийн салат, алим, жимс, уух зүйлийг хүссэнээрээ сонгож болно. Харин хоолоо идэж дууссаныхаа дараа бүгд аяга тавгаа хураан, бүх зүйл дүрэм журмын дагуу л явах аж. Ингэж л дүрэм журмаа ёсчлон биелүүлж байж уурхайн орчинд ажилладаг юм байна.

        Бид  уурхайн ажилчидтай хамт хооллочихоод, аюулгүй байдлын танилцуулга сонсчихоод хамгаалалтын малгай, шил, хантааз, гутал зэргийг өмсөөд төслийн талбайгаар дайрах Умдаан гол дээр очлоо. Говийн Умдаан гол нь хөрсөн дээр бус доогуур нь урсдаг сонин онцлогтой гол аж. Сайр харагдах хэсэг газар Умдаан гол бөгөөд энэ газарт зээр туурайгаараа малтахад л ус гарч ирдэг гэнэ. Ердөө 5 сантиметр газар ухахад л ус гарч ирдэг онцлогтой аж. Энэхүү гол нь Оюутолгойн ил уурхайг чиглэж байгаа учраас тус голыг хамгаалах чиглэлд ажиллаж, голын голдрилыг өөрчлөх арга хэмжээг “Оюу Толгой” компанийхан авсан байв. Ийнхүү говийн сонин тогтоцтой голыг харж, Оюутолгойн байгаль хамгааллын ажилтай танилцсаны дараа уурхайд ажилладаг хүнд даацын машин, техникүүдийн засварын газраар дайрлаа. Гаднаа асар том дугуй өрсөн засварын газарт ороход ажилчид нь биднийг угтан авч, засварын газрынхаа талаар танилцуулсан юм. Энд ил уурхайд ажилладаг “Комацу” компанийн 28 хүнд даацын машины засвар үйлчилгээг хийдэг. Энэхүү аварга том машинууд ганцхан Оюутолгойн уурхайд л байдаг аж. Засварын газрын гадна өрөөтэй байх аварга том дугуйнууд л гэхэд 50-70 мянган ам.долларын үнэтэй гэхээр эдгээр машинууд ямар өртөгтэй байх нь ойлгомжтой. Ингээд бид эдгээр хүнд даацын машинууд ажиллаж буй ил уурхайг зорилоо.

25-30 жил ажиллах ил уурхайн 550 метрийн гүнд хүртэл нь ашиглах боломжтой

Ил уурхай хүрэх замыг усласан байлаа. Учир нь хүнд даацын машинууд үүгээр байнга явдаг тул тоосжилтоос сэргийлж байгаа нь энэ. Мөн гэрлийн утасны дээд эгнээнд шувуу сууж тогонд цохиулахаас сэргийлсэн туг хийсгэж, доод эгнээнд нь  хүнд даацын өндөр машинуудад баримжаа өгөх бөмбөгнүүдийг байрлуулсан нь сонирхолтой санагдсан. Уурхай руу явах замд шороон овоолго ихээр тааралдах бөгөөд эдгээрийг уурхайн ашиглалт дууссаны дараа нөхөн сэргээлтэд ашиглах аж. Монголдоо төдийгүй дэлхийд цуутай Оюутолгойн баялгийг ил болон далд уурхайн хэлбэрээр ашиглаж болно. Одоогийн байдлаар далд уурхайн хөрөнгө оруулалт зогссонтой холбогдуулан үйл ажиллагааг зогсоогоод байгаа учраас далд уурхайтай танилцаагүй юм. Гэхдээ үйл ажиллагааг нь зогсоолоо гээд тэр чигт нь хаачихдаггүй, хэд хэдэн хүн ажиллаж, техник, тоног төхөөрөмжүүдийг нь үе үе асааж, хамгаалдаг байна.

Харин ил уурхайгаас өдөртөө 250 мянган тонн материал / хүдэр бүхий чулуулаг / гардаг бөгөөд үүний 100 мянган тонн нь дан хүдэр байх бол үлдсэн нь уулын цул буюу шороо чулуу байх аж. Оюутолгойн ил уурхайгаас одоогийн байдлаар өдөрт 100 мянган тонн материал бутлуур зөөж, түүнийг нь цаашаа үйлдвэр рүү явуулж байна. Уурхайн ам ойролцоогоор 2-3 км радиустай, 100 метрийн гүнтэй болчихоод байгаа. Цаашид ил уурхай 25-30 жил ажиллах бөгөөд гүн нь 550 метрийн гүнд хүрэх боломжтой гэж тодорхойлжээ. Тиймээс уурхайг улам гүн болгохын зэрэгцээ давхар хөрс хуулалтын ажлыг хийн, хүрээг нь тэлж байгаа гэдгийг Оюутолгойн ил уурхайн өдрийн ээлжийг хариуцаж ажиллаж байсан уулын мастер С.Гантулга инженер хэлсэн юм. Ил уурхай ажиллаж эхлээд жил гаран болж байна.  Энэ хугацаанд ойролцоогоор 100 сая тонн хүдэр гаргажээ. Одоогоор нэг машин 15-16 удаагийн тээвэр хийж байгаа бол цаашид уурхай улам гүн болж, ам нь томрох тусам уулын цул ихэсч, тээвэрлэлтийн зам ч уртассах аж.

Ил уурхайд дандаа монгол ажилчид ажиллаж байгааг С.Гантулга инженер онцолж байв. Өрөм, тэсэлгээ, хүнд даацын машинууд гээд бүхий л техник төхөөрөмжийг монгол ажилчид ажиллуулж байгаа бөгөөд ажилчид өглөө 06,30-18,30 цаг хүртэл, оройн 18,30-06,30 хүртэл гэсэн хоёр ээлжээр ажилладаг байна. Ийнхүү хоёр ээлжээр ажилладаг Оюутолгойн ажилчид чөлөөт цагаараа спортоор хичээллэж, кино үзэх зэргээр өнгөрүүлдэг гэнэ. Ил уурхайн ажилчид халаалтгүй гэрт амьдарч байгаа гэх мэдээлэл гарч байсан бол удахгүй тэд баяжуулах үйлдвэрийн урд баригдаж байгаа ажилчдын хотхон руу нүүх аж.

Ажилчдын байранд гэр бүлээрээ амьдрах боломжгүй. Тиймээс уурхайн ихэнх ажилчид гэр бүлээсээ хол амьдарч, зарим нь Ханбогд суманд шилжин суурьшсан байна. Ийнхүү ажилчдын нийгмийн байдалтай танилцаж, ярилцаж хөөрөлдсөний дараа баяжуулах үйлдвэр рүү явлаа.

Оюутолгойн баяжуулах үйлдвэрт хөл тавьсан анхны зочид бид

           Энэ оны нэгдүгээр сард үйл ажиллагаагаа эхлүүлсэн баяжуулах үйлдвэрт хөл тавьж буй анхны зочид нь сэтгүүлч бид байлаа. Энэ нь Оюутолгойн түүхэнд бичигдэх бас нэгэн үйл явдал байв. Зэс, алтны хүдрийг нунтаглах, хөвүүлэн баяжуулах гэсэн уламжлалт хоёр төрлийн технологиор хүдэр баяжуулдаг тус үйлдвэр нь одоогийн байдлаар хүчин чадлынхаа 90 хувьд хүрэн ажиллаж байгаа аж. Анхны хүдрээ хүлээж авсан цагаас үйл ажиллагаагаа жигдрүүлэхээр ажилласан Оюутолгойн баяжуулах үйлдвэрийнхэн маш богино хугацаанд хүчин чадлаа 90 хувьд хүргэж чаджээ. Баяжуулах үйлдвэрийн гадна биднийг хүлээн авч, үйлдвэрийнхээ тухай товч танилцуулсан Баяжмал үйлдвэрлэл, анализ хууль дүрмийн хэрэгжилтийн хэлтсийн менежер М.Ганболд биднийг үйлдвэртэй танилцуулсан юм. Дуу чимээ ихтэй үйлдвэрийн орчинд орохын өмнө хувцас хэрэглэлээ данхин шалгаж, дуу намсгагч чихний бөглөөг бидэнд тараалаа. Ийнхүү аюулгүй байдлыг бүрэн хангасан бид  Оюутолгойн баяжуулах үйлдвэрт хөл тавилаа. Баяжуулах үйлдвэрийн анхны зочин болсон сэтгүүлч миний хувьд нүсэр том үйлдвэрийг хараад бахадмаар санагдсанаа нуух юун. Хүдэр бутлах том том тээрэм хажууд эргэлдэж, хөвүүлэн баяжуулах техникүүдийг яг хажууд нь зогсож харсан нь завшаантай хэрэг байлаа. Баяжуулах үйлдвэр нь хоногт 100 мянган тонн хүдэр боловсруулж байгаа бөгөөд тонн хүдэрт 0,4 куб, метр ус ашиглаж байгаа гэв. Нийт усны 83 хувь нь эргэлтийн ус, 17 хувийг нь гүний усан сангаас авч байгаа аж.

        Цаашид бид үйлдвэрийн удирдлагын хэсэгт орлоо. Том дэлгэцүүд дээр үйлдвэрийн явцыг ажиглаж, техникүүдийг салгаж, угсрах ажлыг бүгдийг нь эндээс удирддаг гэнэ. Удирдлагын хэсгийг гадаад мэргэжилтэн ахалж, түүний удирдлагад монгол залуус маань суралцан ажлаа явуулж байна. Монголд анх удаа ийм том төслийг явуулж байгаа болохоор гадны мэргэжилтнүүдийн тусламж зайлшгүй хэрэгтэй. Тэднээс суралцсан монгол инженерүүд удахгүй бие даан үйл ажиллагаа явуулах тэр цагт гадаад ажилчдын тоо багасах болно. Одоогоор баяжуулах үйлдвэрт нийт 550 орчим хүн ажиллаж байгаагаас 50 нь гадаадын мэргэжилтнүүд байгаа юм.

       Монгол ажилчдын хувьд гадаад мэргэжилтнүүдтэй мөр зэрэгцэн удирдах албанд ажиллаж байгаагаас гадна ахлах мэргэжилтнүүд, инженерүүд бүгд монгол хүмүүс байв. Монгол ажилчдыг сургах ажлыг 2010 оноос явуулж эхэлсэн бөгөөд монголчуудыг сургаж буй гадаадын мэргэжилтнүүд тэднийг маш богино хугацаанд мэргэшиж чадсан хэмээн үнэлж байлаа.

        Хүдэрт зэсийн баяжмалаас гадна алт, мөнгө зэрэг төлбөр төлөгдөх бусад элементүүд агуулагддаг. Оюутолгойн нэг тонн хүдрээс 25-30 хувийн зэс, 10-15 грамм алт, 40-50 граммын агуулгатай мөнгө гарч байгаа. Баяжуулах үйлдвэрээс гарч байгаа баяжмалыг шүүгээд агуулах руу оруулж, агуулахаас цааш баяжмал савлах үйлдвэр рүү явуулдаг байна. Савлах үйлдвэрт баяжмалыг хоёр тонны уутанд савлаж, тээвэрлэлтэд бэлтгэж байлаа. Баяжмал савлах уутыг үндэсний гурван аж ахуйн нэгж, хятадын нэг компани нийлүүлж байгаа аж. Энэ мэтчилэн Оюутолгойн ханган нийлүүлэлтэд үндэсний аж ахуйн нэгжүүдийг ихээр хамруулж байгаа бөгөөд бидний өмсч байсан хантааз, ажилчдын хувцсыг бүгдийг нь нутгийн ханган нийлүүлэгчид нийлүүлдэг байна. Хаа ч тааралдах ажилчдын хувцсан дээр “Made in Dalanzadgad” гэх шошго байгаа нь үүнийг илтгэж байлаа. Биднийг Оюутолгойд очих өдөр баяжмалын худалдааг эхлүүллээ гэсэн мэдээллийг өгсөн.

Хэдийгээр баяжмалын худалдааг өнгөрсөн мягмар гарагт эхлүүлсэн ч баяжмал савлах үйлдвэрийн ажил тасралтгүй жигд явсан байна. Савлах явцад баяжмалын дээж авч, уурхайн талбай дээр байгаа хөндлөнгийн лабораториор баяжмал дахь үнэт төлбөр төлөгдөх элементүүд болон бусад элементийн агуулгыг тодорхойлж, гаргадаг аж.  Мөн манай улсын төлөөлөл болсон Геологийн төв латоратори ч бас шалгадаг байна. Оюутолгой төслийн талбай дээр Монголын гааль байрладаг,  экспортод гардаг баяжмалыг хууль бусаар гаргах ямар ч боломжгүй гэдгийг үйлдвэрийн инженерүүд онцолж байсан. Шинжилгээнд оруулахаар бэлтгэсэн дээжийг харахад хөх саарал өнгийн байх боловч ойртон харвал номин ногоон өнгөтэй гялтганасан зүйл байв. Энэхүү гялтганаж байгаа зүйл нь зэс аж. Харин алт нь хүний нүдэнд харагддаггүй гэнэ. Энэ мэт сонирхолтой олон зүйлсийг үзсэн бид хүнд гутал, малгайгаа ч ажрахгүй аялсан байлаа. Монголын хамгийн их баялагтай, хамгийн том уурхайтай танилцсан сэтгүүлч бид Оюутолгойг тойрсон улстөржсөн яриагүйгээр зөвхөн байгаа байдалтай нь танилцаж, уурхай хэрхэн ажиллаж байгааг уншигч та бүхэндээ сонирхууллаа. Өмнийн говьд наран хэвийж байхад бид Ханбумбат онгоцны буудлаас Улаанбатарын чиглэлд нисэхэд бидэнтэй хамт амралтаа авчихаад гэр бүлийнхэн рүүгээ яарч байсан Оюутолгойн ажилчидтай дөрөө нийлсэн юм.

М.АРИУНСУВД