Монголын нүүрс Япон руу гарна
2016 оны 10 сарын 15

Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат Япон улсад албан ёсны айлчлал хийж буй. Айлчлалын үеэр Монголын “Энержи ресурс” компани Японы “Сүмитомо” компанитай нүүрсний борлуулалт болон марктенгийн хамтын ажиллагааны талаар хамтран ажиллах санамж бичиг байгуулаад байна. Ингэснээр Тавантолгойн нүүрс зөвхөн Хятад улсад экспортлогдохгүй, Японы зах зээл рүү нэвтрэх үүд хаалга нээгдлээ. Энэ бол Монгол нүүрс үнэ хүрэх боломж юм.

Япон улсын зүгээс эрчим хүч үйлдвэрлэх чиглэлээр Монголоос нүүрс импортлох сонирхол байгаагаа ямагт илэрхийлсээр ирсэн байдаг.

Дэлхийн зах зээлд коксжих нүүрс 1 тонн нь 150-200 ам.долларт хүрэх болсон. Гэвч Монголын хувьд дэд бүтэц хөгжөөгүй нь хамгийн том проблем хэвээр байгаа төдийгүй Хятад руу гаргаж буй нүүрсний үнэ өсөхгүй байгаа.

Мэргэжлийн Засгийн газраас төмөр замыг шийдэхийн тулд 2017 оноос эхлэн Тавантолгойн төмөр замын ажлыг эрчимжүүлэх чиглэлээр ажиллах болж, төсөвт төвлөрүүлэх орлогыг ч тооцсон.

Айлчлалын үеэр зурагдсан бас нэг санамж бичиг нь “Авто-импекс” компани батерай дахин боловсруулах чиглэлээр Японы “Сүзүки Шёокай” компанитай хамтран ажиллахаар болсон бол “Драй милк” компани Японы “Присай” компанийн хуурай сүүний технологийг Монголд нэвтрүүлэх чиглэлээр хамтран ажиллах Санамж бичигт гарын үзэг зурсан юм.

Х.ОЧ-ГЭРЭЛ