С.Мөнхчулууныг хотын даргаар томилох тогтоолыг НИТХ-ээс Ерөнхий сайдад өнөөдөр хүргүүлэх бололтой
2019 оны 1 сарын 21

Хотын даргын томилгоо хаашаа эргэх вэ гэдэг өнөөдрийн топ сэдэв. Намын удирдах зөвлөлөөс оруулсан, тэр байтугай дэвшүүлж байгаа хүнийхээ орны хүнийг хүртэл тохирсон тохироог өөрчилсөн С.Мөнхчулууныг яах вэ. Түүнийг Улаанбаатар хотын захирагч бөгөөд хотын шинэ даргаар томилох уу гэдэг асуултын хариулт өнөөдөр бараг л гарна.

Учир нь танхимаас нэр дэвшиж өрсөлдөж, тооцоо тохироог тэр чигт нь будлиулсан түүний нэрийг танхимын хэд нь Ерөнхий сайдад одоог хүртэл “илгээгээгүй” байна. Тодруулбал, Хуульд заасны дагуу НИТХын төлөөлөгчдийн олонхийн санал авч сонгогдсон хүний нэрийг НИТХын тогтоолын хамтаар Монгол Улсын Ерөнхий сайдад хүргүүлж батламжлуулдаг учиртай. Гэвч одоогийн байдлаар НИТХын тогтоол хүргэгдээгүй байна.

Хотын даргыг батламжлах уу гэдэг асуулт дунд эргэлдэж байсан олон нийтийг өнгөрсөн баасан гарагийн үдээс хойш, ажил тарахтай зэрэгцэж энэхүү мэдээлэл бас баахан таамаг, тооцоо дэвшүүлүүлэх болгов.

Эх сурвалжийн мэдээлж буйгаар НИТХ-ээс өнгөрсөн баасан гарагт нэр дэвшигчийн материалыг илгээсэн гэж буй бол Засгийн газарт баасан гарагийн 17 цагийн үед албан бичиг ирээгүй байжээ.

Тэгвэл шинээр сонгогдсон хотын дарга С.Мөнхчулууны нэрийг өнөөдөртөө багтаж Ерөнхий сайдад тогтоолын төслийн хамтаар хүргэх бололтой. Харин үүний дараагаар Ерөнхий сайд батламжлах эсэхийг өөрөө шийдвэрлэх учиртай. Тэрбээр ажлын тав хоногийн дотор хариу өгөх ёстой бөгөөд хэрвээ батламжлахгүй гэвэл НИТХ-ээр уг асуудлыг дахин хэлэлцэж, нэр дэвшигчээ солих эсвэл солихгүйгээр өөрсдөө бүх асуудлаа шийдээд явна. Ерөнхий сайд нэг удаа л оролцох хуулийн боломж бий юм. Өөрөөр хэлбэл хотын даргын томилгоог дахин хэлэлцэхэд асуудлыг “хагалах” нь МАНын төлөөлөгчид биш Э.Бат-Үүл тэргүүтэй АН-ын 10 төлөөлөгч юм. Тиймээс буцаахад АН асуудалд хэрхэн хандах бол. Санал хураалт дахиад л нууцаар явагдана. Эндээс нэг зүйл тодорхой байгаа нь эсрэг санал өгсөн төлөөлөгчдөөс гадна АН-ын хэдийг ч гэсэн өөрийн талдаа урвуулах гэдэг хэцүү. Бүр нэлээд хэцүү. Гэхдээ боломжгүй зүйл бол биш л дээ. Улс төрд мөнхийн дайсан, үүрдийн нөхөр гэж байдаггүй хойно. Мөнхийн эрх ашгаа дагахгүй нэгэн гарч ирэх л байх.

Харин энэ талаар мэддэг, мэддэггүй. мэргэн түргэн олон хүн сошиалд ярьж бичиж байна. Гэвч энэ удаад Ерөнхий сайд У.Хүрэлсүх хэдийгээр өөрийнх нь илгээсэн нэр сонгогдоогүй ч гэсэн хотын  шинэ даргыг батламжлах л болов уу. Хэрвээ үгүй гэвэл маш том эрсдэл хүлээж, түүнийгээ давах шаардлага гарна. Гэхдээ яаран шууд хөдлөхгүйгээр энэ лхагва гарагт болох Засгийн газрын ээлжит хуралдаанаар уг асуудлыг эцэслэх байх.

Түүнд ийм шийд гаргах маш олон шалтгаан бий. Эдгээрээс хамгийн том улс төрийн шалтгаан нь хотын шинэ даргыг батламжлахгүй бол нэгэнт “хайрцаглаад” асуудлаа шийдчихсэн, тохироогоо “гүйлгэчихсэн” төлөөлөгчид НИТХын даргын асуудлыг ч хөндөж магадгүй юм. Тиймээс хотын дарга уу, хотыг бүхэлд нь үү гэдэг том хоёр том “гарзаас” нэгийг нь сонгох болно. Эсвэл үүнээс том эрсдэл үүрэх үү гэдэг гарц бас бий.

Тиймээс хотын даргын асуудалд аль тал нь ямар хэмжээний эрсдэл үүрэх вэ гэдгээс л бүх зүйл шалтгаална. С.Мөнхчулуун өнөөдөр ямар ч байсан эхний “даваагаа” давах эсэхээ шийдвэрлэнэ. Үүний дараагаар нөхцөл байдал яаж эргэхийг дахиад хамтдаа нягтлах цаг хугацаа бидэнд бий.

Г.Лхагваа