Төлөх эс төлөх сонголтыг иргэнд үлдээе
2019 оны 12 сарын 20

Засгийн газар ОУВС-гийн хөтөлбөрт хамрагдахын тулд  “Нийгмийн даатгалын шимтгэлийг үе шаттайгаар нэмэгдүүлнэ” гэж амласан тул 2019 онд 1 хувиар шимтгэлийг нэмэгдүүлсэн бол 2020 онд 2 хувиар дахин нэмэхээр зэхэж байна.

 

Манай улсын нийгмийн даатгалтын тогтолцоо буруу явж ирснийг эдийн засагчид болоод энгийн иргэн ч хэлдэг. Тиймээс энэ буруу тогтолцоог өөрчлөн шинэчлэх цаг болсон гэдгийг “Ард лайф” компанийн гүйцэтгэх захиарл Б.Гантулга хэлж байна.

 

Тэрбээр тун саяхан “Хүн сар бүрд 187.000 төгрөг жилийн нийлмэл 13 хувийн өгөөжтэй хуримтлуулаад явахад 30 жилийн дараа 827 сая төгрөгийн хуримтлалтай болно. Улмаар сард 9 сая төгрөгийн тэтгэврийг хүү хэлбэрээр авах боломжтой. Бурхан боллоо гэхэд 827 сая төгрөг үр хүүхдэд өвлөгдөнө. Сингапур, Хонгконг ингэж л хөгжиж байна” хэмээх сонирхолтой тооцоолол хийсэн байна.

 

 

“Ард лайф” компанийн гүйцэтгэх захиарл Б.Гантулга тэтгэврийн даатгалын санг нийгмийн даатгалын шимтгэлийн хувиас хасах ёстой хэмээн үзэж байна. Учир нь эрүүл мэндийн даатгал, тэтгэмжийн даатгал, ажилгүйдлийн даатгал, ҮОМШӨ даатгал нь эрсдэл мөн. Харин тэтгэврийн даатгалын сан нь эрсдэл биш ирээдүйд хүрэхээр хүлээж буй зорилго. Тиймээс нийгмийн даатгалын санд орох ёсгүй гэлээ.

 

Монголчуудын дундаж цалин 1 сая 100 мянган төгрөг. Ийм цалинтай хүн тэтгэвэрт гарснаас хойш 660 мянган төгрөгийн орлоготой болно. Монголд хүчин төгөлдөр хэрэгжиж буй хуулийн дагуу тэтгэвэр тогтоолгосноос хойш өнөөдрийн орлого нь автоматаар 50 хувиар буурдаг тул монголчуудад насны эцэст жаргана гэдэг ойлголт үгүй. Тэтгэвэрт гараад төлснөөсөө бага тэтгэвэр авч буй нь шударга бус гэдгийг “Ард лайф” компанийн гүйцэтгэх захирал Б.Гантулга хэлж байна. Тэрбээр “Хэрвээ та тэтгэвэрт гарахаасаа өмнө болон аваад удаагүй байхдаа нас барвал хохь нь болно. Таны 30 жил төлсөн НДШ үр хүүхдэд чинь хамаагүй. Тэгсэн мөртлөө таны өр зээл үр хүүхэд, гэр бүлд тань өвлөгдөн үлддэг” гэж ярилаа.

Иймд “төлөх л ёстой” гэдэг дарамтыг өөрчилж төлөх үү, эс төлөх үү гэдэг сонголтыг иргэдэд үлдээх ёстой гэв.

 

Нийгмийн даатгал бол иргэний нийгмийн хариуцлага. Бидний төлж буй мөнгөөр улсын санг бүрдүүлдэг. 1920-1990-ээд онд буюу социализмын үед Монголчуудын сэтгэхүйд нэг сэтгэлгээ суусан нь “Төр бүхний дээр. Төр миний сайн сайхны төлөө бүхий л зүйлийг зохицуулах ёстой. Би тодорхой хэмжээний үүрэг гүйцэтгээд л явах ёстой” гэдэг ойлголт. Гэтэл өнөөдрийн нийгэм хүнийг өөрөө өөрийгөө хариуцах тогтолцоонд шилжүүлж, нийгмийн даатгалын тогтолцоондоо найдахгүй байхыг шаардаж байна.

 

Тиймээс хууль эрхзүйн орчин нь бүрдвэл хувийн тэтгэврийн санг хөгжүүлж, мөнгөө хувийн тэтгэврийн санд хийх үү, улсын тэтгэврийн санд оруулах уу гэдэг сонголтыг иргэнд үлдээх нь зүйтэй гэдгийг эдийн засагчид хэлж байна.