Аль аймаг хэдэн мандаттай байх вэ?
2020 оны 1 сарын 10

“Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тойрог байгуулах, тойргийн мандатын тоо, дугаар, нутаг дэвсгэр, төвийг тогтоох тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг ирэх хоёрдугаар сараас өмнө гаргаж, аль аймагт хэдэн мандаттай байх, нийт хэдэн тойрогтой байх зэргийг тогтох ёстой юм. Гэхдээ түүнээс өмнө УИХ-ын сонгууль хэдэн тойрогтой байх, аль аймагт хэдэн мандат байх вэ гэсэн ерөнхий таамаг гарч эхэлжээ. Юутай ч Сонгуулийн ерөнхий хорооноос сонгуулийн санал хураах өдрийг 06-р сарын 24 байх санал ирүүлсэн байна. Уг саналыг УИХ-аар хэлэлцэж шийднэ.

УИХ дахь АН-ын зөвлөлийн дарга Д.Эрдэнбатын ярьж буйгаас дүгнэж үзвэл дундаж хүн амтай аймгууд хоёр мандаттай, 100 мянга орчим хүн амтай аймгууд гурван мандаттай байх, 100 мянгаас дээш хүн амтай аймгууд дөрвөн мандаттай байх тооцоо, судалгааг тус намаас гаргажээ.

Дээрх тооцооллоор бол 100 мянгаас дээш хүн амтай Хөвсгөл, Өвөрхангай аймгуудад нэг нэг мандат нэмэгдэж дөрвөн мандаттай болох бол өмнө нь нэг мандаттай байсан Говь-Алтай, Булган, Завхан, Сүхбаатар, Дундговь аймгууд тус бүр хоёр, хоёр мандаттай болж нэмэгдэнэ.

Харин Говьсүмбэр, Дорноговийн талтай нийлж нэг мандат, Дорноговь тусдаа дахиад хоёр мандаттай байсан бол үүнийг өөрчилж тус хоёр аймгийн нийлээд хоёр мандаттай байх, бусад аймгууд гурван мандаттай байхаар тооцоолжээ.

Зургаан мандаттай дүүрэг байхгүй

Өмнөх сонгуулиар хамгийн олон хүн амтай Баянзүрх, Сонгинохайрхан дүүргүүд тус бүр зургаан мандаттай байсан бол энэ удаад Баянзүрх, Налайх дүүргүүд нийлээд тав, Сонгинохайрхан мөн таван мандаттай байна.

Хан-Уул болон Багахангай дүүргүүд нийлээд дөрөв, Чингэлтэй, Сүхбаатар дүүргүүд тус бүр гурав,гурван мандаттай байх таамаг гаргажээ.

С.Бямбацогт: Улаанбаатарын дөрвөн мандатыг нэг мандатай аймгууд руу шилжлүүлнэ

Эх баригч МАН-ынхан ч уг таамагтай санал нэг байгаа ажээ. Учир нь Төрийн байгуулалтын байнгын хороон дарга С.Бямбацогтын ярьснаар Улаанбаатар 28 мандатны дөрвийг нь нэг мандаттай дөрвөн аймаг/ Дундговь, Сүхбаатар, Говь-Алтай, Булган/ руу шилжүүлэх тухай яригдаж байгаа ажээ. Харин аль дүүргээс хэрхэн дөрвөн мандат шилжүүлэх вэ гэдэг дээр СЕХ тооцоо судалгаа хийж УИХ-д өргөн мэдүүлнэ гэсэн юм.

Уг асуудлыг УИХ дахь намын бүлэг, зөвлөлүүд авч хэлэлцэнэ, өөр өөрсдийн байр сууриа илэрхийлж, саналаа нэгтэнэ. Эцсийн хувилбарыг Сонгуулийн ерөнхий хороо гаргаж УИХ-ын чуулганаар хэлэлцүүлэх юм.