ЧУУЛГАН: Иргэдийн тэтгэврийн зээлийг төрөөс төлөх асуудлыг хэлэлцэж байна
2020 оны 1 сарын 9

2020-01-09-Улс төр

Иргэдийн тэтгэвэр барьцаалсан зээлийн төлбөрийг төрөөс нэг удаа төлөх тухай болон хамт өргөн мэдүүлсэн бусад хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар хийж байна.

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Иргэдийн тэтгэврийн зээлийг төрөөс нэг удаа төлөх тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийж байна. Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан гишүүд асуулт тавьж, хариулт авч байна.

УИХ-ын дарга Г.Занданшатар:

-Зарим УИХ-ын гишүүд судалгаа тооцоогүй, сураг баримжаагаар ярьж байна. Гадаад худалдаа эдийн засагт ашигтай гарсан. Улстөрчдийн тооцоо судалгаагүй яриа эдийн засагт сөргөөр нөлөөлж байна. Эдийн засаг агшсан бодит байдалтай байгаа. Өнгөрсөн онд зээл 2018 онд 24 хувиар өссөн бол 2019 онд таван хувиар өссөн. Энэ мөнгө “Найман шарга” валютын зах дээр очихгүй. Талхаа таллаж, ургамлын тосоо граммлаж авч байгаа хүмүүст хүрч, эдийн засгаа тэлэх бодлого болно. Хамгийн бага эрсдэлтэй зээлийг хаагаад, зээл нэмж, эдийн засгаа тэлнэ. Банкуудад ашиггүй ч эдийн засагт ашигтай зүйл болно.  Талхаа таллаж авч байгаа хүмүүсийн орлогыг л чөлөөлж байгаа. Тэгшитгэж мөнгө өгнө гэдэг хавтгайруулсан бодлого. 2017 онд 12 дугаар сард 63 тэрбум төгрөг, 2018 онд 69 тэрбум төгрөгийн тэтгэврийн зээл олгож байсан. 2019 оны 12 дугаар сард тэтгэврийн зээл олголт 60 тэрбум хүрэхгүй байна. Гэтэл 2019 оны 12 дугаар сард 100 тэрбум төгрөгийн тэтгэврийн зээл олгосон гэж ор үндэсгүй зүйл ярьж болохгүй.

УИХ-ын гишүүн, ШИНЭ намын дарга Ж.Батзандан:

-ШИНЭ намын тэтгэврийн зээлийг тэглэхийг өргөн утгаар нь дэмжиж байгаа. Ахмадуудыг ялгаварлалгүй, тэгш хүртээх хэрэгтэй. Хорвоо эргэдэг учир 2020 онд ямар улс төрийн хүчин төр барихыг та бид мэдэхгүй. Ганцхан өдрийн дотор 2 тэрбум төгрөгийн ваучер өгөхийн оронд 750 тэрбум төгрөгөө ахмадууддаа тэгш хуваарилах хэрэгтэй. Ийм учраас баялгийн тэгш бус хуваарилалт гэж ШИНЭ нам үзэж байна.

УИХ-ын гишүүн С.Жавхлан: 

-Ахмадуудынхаа тэтгэврийн зээлийг тэглэх гэж байгаа нь зөв. Жавхлангийн товчлуур дэмжсэн дээр гарна. Та бүхэн өнөөдөр биш  төрд гарсныхаа дараа шийдвэрлэсэн бол болох байлаа. Төрийн өндөр албан тушаалыг яаж Сонгуулийн хууль зөрчиж хийж болдгийг харуулж байна. Тэтгэврийн зээлийг тэглэсэнтэй холбогдуулан “Сонгон сонгон нэг цадна, сонгууль дөхөхөөр нэг цадна” гэж зүйр үг нэмэгдэж байна.

УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж: 

-Зээл тэглэх асуудлыг Цагаан сарын өмнө шийднэ гэж байгааг дэмжиж байна. Үүний хажуугаар 194 мянган иргэнд нэг сая төгрөгийн үнэт цаасыг 2021 оны тавдугаар сард өгнө гэнэ. Нэгмөсөн бондоо босгоод нэг сая төгрөгөө Цагаан сарын өмнө өгөөд явах боломжийг харъя. Хамтад нь шийдээд явсан нь дээр.

УИХ-ын гишүүн Д.Оюунхорол:

-194 мянган иргэнд нэг сая төгрөг өгнө гэдэг нь 194 тэрбум төгрөг шаардлагатай.

УИХ дахь АН-ын зөвлөлийн дарга Д.Эрдэнэбат:

-Ирээдүйн орлогоор барьцаалж  байгаа  үнэт цаас тодорхойгүй байна. Салхитын мөнгөний ордын орлогыг яаж тооцоолж байна вэ? 194 мянган иргэнд компанийн үнэт цаас өгнө гэж байна. Өрийн бичиг юм уу, хувь эзэмших эрхийн бичиг юм уу? Үүнийг тавдугаар сарын нэгний дотор өгнө гэж ямар тооцоолол хийсэн юм бэ? Эхлээд ахмадуудын зээлийг шийдэж байгааг эсэргүүцэж байгаа зүйлгүй.

УИХ-ын гишүүн Я.Содбаатар:

-Салхитын ордын ашгийн орлогыг барьцаалж байж, 194 мянган ахмадад үнэт цаас хэлбэрээр нэг сая төгрөгийн эрх олгоно. Энэ нь 2021 оны тавдугаар сарын нэгнээс олгоно.

УИХ-ын гишүүн Д.Дамба-Очир: 

-Тэтгэврийн зээлгүй 194 мянган иргэндээ нэг сая төгрөгийг бэлнээр олговол эдийн засаг дийлэхгүй.

Чуулганы хуралдаан үргэлжилж байна.

Х.ИНДРА