Тэтгэврийн зээлийг тэглэх хуулийн төслийг баталлаа
2020 оны 1 сарын 10

2019-01-10-Улс төр

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар ахмадын тэтгэвэр барьцаалсан зээлийн төлбөрийг төрөөс нэг удаа төлөх тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн бусад хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийж, 81.8 хувийн саналаар баталлаа.

Хуулийн төсөлд тэтгэвэр барьцаалсан зээлийн үлдэгдлийг төрөөс нэг удаа төлөх дээд хэмжээг зургаан сая төгрөгөөр тогтоох, тэтгэвэр барьцаалсан зээл аваагүй иргэдэд нэг сая төгрөгийн үнэт цаасыг эзэмшүүлэх, тэтгэвэр барьцаалсан зээлийг цаашид зургаа хүртэл сарын хугацаатайгаар, жилд нэг удаа авах тухай тусгасан юм.

УИХ-ын гишүүн О.Баасанхүү: Гадаа жагсч байгаа ахмадууд 2.5 саяыг авъя гээд жагсч байна

-Зургаан сараар тэтгэврийн зээл авч болно гэж байна. Энэ хүмүүс зээл аваад тэглүүлэх боломж байна уу. Нэг сая төгрөг бэлнээр өгнө гэж байна. Хэзээ өгөх вэ. Нэг сая төгрөгөө ямар үндэслэлээр гаргасан юм бэ. Гадаа жагсч байгаа ахмадууд  2.5 саяыг авъя гээд жагсч байна. Энэ хууль тэгш байх зарчмыг хангасан уу. 100 мянган төгрөг тэглүүлчхээд сая төгрөг авч чадахгүй байна гэдэг гомдолтой байна шүү дээ.

ХНХ-ын сайд С.Чинзориг: УИХ-аас гаргасан шийдвэрүүд хэрэгжихгүй болох нөхцөл байдал  үүсэх вий гэсэн болгоомжлол байна

-Ахмадын тэтгэврийг төлөх бондыг хүү багатайгаар байршуулна гэвэл 700 орчим тэрбум төгрөг шаардлагатай. Гэтэл дээд тал нь 300 тэрбум төгрөгийн хөрөнгө байршуулах боломжтой. 300 тэрбум төгрөг байршууллаа ч гэсэн өмнө нь УИХ-аас гаргасан шийдвэрүүд хэрэгжихгүй болох нөхцөл байдал  үүсэх вий гэсэн болгоомжлол байна.

УИХ-ын гишүүн Д.Оюунхорол: 194 мянган ахмадад чихрийн цаас тараах гэж байна гэж ярьж болохгүй

-Иргэдийн тэтгэвэр барьцаалсан зээлийг нэг удаа төрөөс тэглэх хууль анх орж ирэхдээ тэтгэврийн зээлтэй байгаа 230 мянган иргэнийг хамруулах хуулийн төсөл байсан. Харин хэлэлцүүлгийн УИХ-ын гишүүд болон зөвлөлүүдээс гаргасан саналын дагуу нийт ахмадаа орхигдуулж болохгүй гэж үзээд 194 мянган ахмадаа орхихгүй асуудлыг шийдэх ёстой гэж үзсэн. 194 мянган ахмад боломжтойдоо зээл аваагүй үлдсэн юм биш. Үр хүүхдэдээ өр үлдээхгүй гэж өөрөө өөрсдийнхөө амьдралыг болгож бүтээж яваа зарчимтай ёс суртахуунтай хөдөлмөрч ахмадын маань буян юм.  Бүх ахмадаа хамруулж байгаа. Нас барсан иргэдийн өрийг бүрэн дуусгах болсон. 194 мянган ахмадад чихрийн цаас тараах гэж байна гэж ярьж болохгүй. Төрийн залгамж халаа цаашдаа ч үргэлжилнэ. Ахмадаа хүндэтгэх улстөрчид орж ирнэ гэдэгт итгэж байна гэв.

“Эрдэнэс Монгол” ХХК өөрийн охин компанийн эзэмшлийн Салхитын мөнгө, алтны ордын төрд ногдох орлогыг барьцаалан үнэт цаас гаргах замаар иргэний тэтгэвэр барьцаалсан зээлийн тодорхой хэсгийг төлнө. Нас барсан иргэний тэтгэвэр барьцаалсан зээл 2019 оны 12 дугаар сарын 31-ний өдрөөр үлдэгдэлтэй бол энэ хуулийн үйлчлэлд хамрагдана. Банк нь тэтгэвэр авагчтай зээлийн үлдэгдэл төлбөрийн тооцоог баталгаажуулан нийгмийн даатгалын асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагад хүргүүлнэ” гэж хуулийн төсөлд заажээ.

 

Чуулганы хуралдаан үргэлжилж байна.

Х.ИНДРА