Хөөн хэлэлцэх хугацаагаар хаагдсан хэргүүдийг сэргээн шалгана
2020 оны 1 сарын 13

УИХ-ын чуулганы баа­сан гаригийн хуралдаанаар  Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийг баталсан. Ингэснээр гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацааг тоолох зохицуулалт өөрч­лөгдөж байгаа юм.

Өнгөрсөн хугацаанд мөрдөн бай­цаалтын болон шүүхийн шатанд байгаа хэргийн хөөн хэлэлцэх хугацааг хэрхэн тоолох талаар тодорхойгүй байдал үүссэнээс авлига, албан тушаалын гэмт хэргүүд хаагдах тохиолдол их байгааг АТГ-аас мэдээлж байсан. Эрүүгийн хууль хэрэг­жиж эхэлсэн 2017 оны долдугаар сарын 1-ний өдрөөс хойшхи хугацаанд хөөн хэлэлцэх хугацаа дууссан үндэслэлээр мөр­дөн байцаалтын шатанд 2018 онд дөрвөн хэрэг, 2019 онд есөн хэргийг хэ­рэг­сэхгүй болгожээ. Харин хууль батлагдсанаар  шүүхээр шийдээгүй хэрэг­сэхгүй болсон хэргүүдийг сэргээн шалгах эрх зүйн үндэслэлтэй болсон гэдгийг ажлын хэсгийнхэн тайлбарлаж байв.

 УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ:  “Хөөн хэлэлцэх хугацааг үгүй хийсэн хуулийг зориудаар баталсан тухай их шуугисан. Үүнд бодит тайлбар авмаар байна. Энэ хугацаанд улсад хохиролтой хэдий хэмжээний авлигын хэрэг хэрэгсэхгүй болов. Хөөн хэлэлцэх хугацааг урдаас ярьж төлөвлөж оруулсан гэж би ойлгодог. Ийм ойлголттой хүн ч олон бий” гэв.

Хууль зүйн байн­гын хорооны дарга Х.Ням­баатар “2017 оны долдугаар сарын 1-нд  орсон өөрчлөлтөөр хөөн хэлэлцэх хугацааг байхгүй болгоогүй. Харин хүн төрлөхт­ний эсрэг гэмт хэ­рэгт хөөн хэлэлцэх хугацааг огт тоолдоггүй эрүүгийн зарчим манайд үйлчилдэг байсан.  Дээрх хуулиар зарим хэрэгт хөөн хэлэлцэх хугацааг тоолох аргачлалд өөрчлөлт орсон.  Ажлын хэсэг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.10-тай холбоотой зохицуулалтыг зарчмын зөрүүтэй санал болгож оруулж ирж өөрчлөөгүй. Хэрэв шаардлагатай гэж үзвэл Тамгын газраас лавлагаа авч болно” гэлээ.

Ийнхүү Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийг дагаж мөрдөх журмын тухай

хуу­­лийг баталснаар шүүх, прокурор, мөрдөн бай­цаал­тын шатанд байгаа хэргүүдийн хөөн

хэлэцлэх хугацааг зогсоох, сэргээн шалгах боломжтой болсон байна.

Х.ИНДРА