Намрын чуулган хаалтаа хийлээ
2020 оны 1 сарын 31
2020-01-31-Улс төр

УИХ-ын чуулганы өнөөдрийн /2020.01.31/ үдээс хойших хуралдаанаар шинэ коронавирусийн эрсдэлээс урьдчилан сэргийлэх чиглэлээр авч хэрэгжүүлж буй зарим арга хэмжээний талаар Монгол Улсын Засгийн газрын мэдээллийг сонслоо.

Мэдээллийн үеэр УИХ-ын гишүүд Засгийн газар, Эрүүл мэндийн сайдаас цаг үеийн зарим зүйлсийг тодруулж байлаа. Мэдээлэл сонссоны дараа УИХ-ын дарга Г.Занданшатар “Монголчуудын өмнө төдийгүй хүн төрөлхтний өмнө тулгарч байгаа томоохон сорилт бол титэмт вирус. Энэ сорилтыг эв саналаа нэгтгэж байж давна. Тиймээс Засгийн газраас онцгой анхаарч байгаа. Юуны өмнө нэг тогтмол утсыг ажиллуулж, мэдээллээр хангах хэрэгтэй байна. Бид өндөр зохион байгуулалттай байж эрсдэлийг даван туулна. ДЭМБ-аас дөрөв, тавдугаар сар хүртэл халдварын оргил үе үргэлжилнэ гэж байгаа. Тиймээс эрсдэл урд байгаа шүү” хэмээлээ.

Ийнхүү мэдээлэл сонссоны дараа УИХ-ын дарга Г.Занданшатар намрын чуулганы хаалтын үг хэлсэн юм. Тэрбээр “УИХ-ын эрхэм гишүүдээ 2016 оны сонгуулийн дүнгээр байгуулагдсан долоо дахь удаагийн УИХ-ын бүрэн эрхийн хугацаан дахь намрын отгон чуулган өндөрлөж байна. Энэ чуулган бүхий л үзүүлэлтээрээ түүхэн гэж хэлж болохоор шахуу хуваарьтай, өндөр ачаалалтай ажиллаа. Үнэн хэрэгтээ өнгөрсөн оны гуравдугаар сарын 18-ны өдрөөс эхлэн 11 сар завсарлагагүй хуралдлаа. Энэ бол өнгөрсөн парламентын 28 жилийн хугацаанд гараагүй тохиолдол. Намрын чуулган 86 өдөр үргэлжилж, 32 удаагийн нэгдсэн хуралдаан, 119 удаагийн байнгын болон дэд, түр хороодын хуралдаан болсон байна. 154 хууль, 51 тогтоол баталлаа.

Нөгөө талаар чанар агуулгын хувьд ч УИХ түүхэн гэж болох сэтгэл, цаг хугацаа зориулан байж олон чухал хууль баталлаа. Монгол Улсын Үндсэн хуульд энэ парламент өөрчлөлт оруулсан нь Монгол Улсын түүхэнд тод үсгээр бичигдэх болно. Улсын төсвөө баталж, УИХ-ын болон орон нутгийн сонгуулийн тухай, Өргөн нэвтрүүлгийн тухай зэрэг томоохон хуулиудыг баталсан байна. Иргэдийн тэтгэвэр барьцаалсан зээлийг төрөөс нэг удаа төлөх хуулийг баталлаа. Баялгийн үр шим монгол хүнд хуваарилагдах учиртай. Ингэснээр ахмад буурлууд маань зээлийн дарамтаас бүрэн чөлөөлөгдөх боллоо. Цаашид баялгийн санг хуримтлуулж хөгжил дэвшилдээ зарцуулах учиртай. Энэ онд Ирээдүйн өв санд нэг их наяд төгрөг хуримтлагдах учиртай. Мөн иргэдийн тэтгэврийг нэмэгдүүллээ. Бас Оюутолгойн ордын хөрөнгө оруулалтын гэрээг шалгаж, гэрээнд Монгол Улсын эрх ашгийг хангахаар болсон. Гэрээг сайжруулах ёстой. Монголын баялгийг ашиглаж байгаа бол Монголын эрх ашиг эн тэргүүнд тавигдах учиртай. Шийдвэрийг хэрэгжүүлэхийг Засгийн газарт даалгаж байна.

2020 он их бүтээн байгуулалтын жил байх болно. Шударга ёс, хууль, ард түмэн засагладаг сайн цаг сэвэлзэх учиртай. Монгол Улс ФАТФ-ийн саарал жагсаалтаас нэн даруй гарах ёстой. Энэ чиглэлээр УИХ ихээхэн чармайлт гаргаж ажиллаж байгаа. Холбогдох хууль тогтоомжид нэмэлт, өөрчлөлт орууллаа. Ингэснээр бид олон улсын өмнө гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэх нөхцөл бүрдэнэ.

Эрхэм гишүүдээ титэмт вирус дэлхий дахиныг түгшээсэн цаг үед УИХ завсарлаж байна. Тиймээс шаардлагатай тохиолдолд зөв шийдвэр гаргахад бэлэн байх ёстой. Энэ дашрамд иргэддээ хандаж бат цул нэгдэлтэй байхыг уриалж байна. Хэдхэн хоногийн хувьтай хүний үздэг хулгана жил эхлэх гэж байна.

Сар шинэдээ сайхан шинэлээрэй” гэв.

Х.ИНДРА