Тээврийн цагдаагийн албаныхан зургаан настай охины амийг аварчээ
2020 оны 2 сарын 12

Хоёр хоногийн өмнө  замын ачаалалтай үед СХД-ээс ХӨСҮТ хүрэх авто замын хөдөлгөөнийг зохицуулж зургаан настай охины амийг аварсан Тээврийн цагдаагийн албаны бие бүрэлдэхүүнд талархал илэрхийлсэн байна.

ХӨСҮТ-ийн клиник эрхэлсэн дэд захирал М.Тунсаг “Хүнд өвчтэй үхлүүт байсан 6 настай охиныг 13-хан минутанд сэхээн амьдруулах тасагт авчирахад тусалсан Тээврийн цагдаагийн хамт олонд талархаснаа илэрхийлье. ХӨСҮТ-ийн түргэний машин өчигдөр /2020.02.11/Сонгинохайрхан дүүргээс хүнд өвчтэй 6 настай бяцхан охиныг сэхээн амьдруулах тасагт авчрахаар нэг талдаа цаг гаран явж байж очив. Ид түгжрэлийн цаг таарсан.

Гэвч охин сэхээн амьдруулах тасагт очиход 20 минут ч тэсэхээргүй байсан учраас Тээврийн цагдаагийн хамт олон бүрэн бүрэлдэхүүнээрээ охинд тусалж, захын гэр хорооллоос ХӨСҮТ-ийн сэхээн амьдруулах тасаг руу чиглэсэн бүх хөдөлгөөнийг зохицуулж өгсөний ачаар 13-хан минутанд охин эмнэлгийн тусламж авч энэ хорвоод үлдэж чадлаа.

Хэрэв 5 минут л хоцорсон бол бид тэр бяцхан охиныг аврах боломжгүй байлаа. Амарсайхан даргатай тээврийн цагдаагийн хамт олонд ХӨСҮТ-ийн эмнэлгийн тусламж үйлчилгээний хамт олон, охины ар гэрээс талархаснаа илэрхийлж, та бүхний ажил амьдралд сайн сайхныг хүсч байна.

Хүний амь аврахад нэг хором ч үнэтэй байдаг. Хүний амь аврана гэдэг, тэр дундаа зургаахан настай бяцхан охиныг энэ хорвоод ээж аавтай нь үлдээнэ гэдэг юутай харьцуулашгүй их буян билээ” хэмээн цахим хуудсандаа бичжээ.

Хүний амь насыг аврахад нэг ч хором багадахгүй гэдгийг дээрх удаагийн жишээ харуулж байна.  Тиймээс жолооч та бүхэн түргэний машинд заавал зам тавьж өгч байгаарай.