ЭТТ: 1072 ширхэг хувьцаатай иргэнд 96480 төгрөг олгоно
2020 оны 2 сарын 17

Эрдэнэс-Тавантолгой” ХК-ийн ТУЗ хувьцаа эзэмшигчиддээ ногдол ашиг өгөх шийдвэр гаргасантай холбогдуулан өнөөдөр “Эрдэнэс-Тавантолгой” ХК-ийн ТУЗ-ын дарга Б.Баярсайхан болон Гүйцэтгэх захирал Б.Ганхуяг нар мэдээлэл өглөө.

“Эрдэнэс-Тавантолгой” ХК-ийн ТУЗ-аас нэгж хувьцаанд 90 төгрөг олгох шийдвэр гаргасан байна. Ногдол ашиг хүртэх нийт 2.500.011 хувьцаа эзэмшигч бий, 580 орчим мянган иргэн хувьцааны бүртгэлээ хийлгээгүй байна. 1072 ширхэг хувьцаатай 1,8 сая иргэн байгаа бөгөөд 96480 төгрөг ногдож буй бол 741 хувьцаатай иргэнд 66690 төгрөг ногдож байна.

Компанийн тухай хуулийн дагуу ТУЗ-өөс гаргасан уг шийдвэрийг энэ оны тавдугаар сарын 1-ны дотор Хувьцаа эзэмшигчдийн хурлаар хэлэлцүүлэх аж.

Мөн СЗХ-ны ногдол ашиг хуваарилах шинэ журмын дагуу 2020 онд Үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төвөөр дамжуулан хувьцаа эзэмшигчдэд ногдол ашгийг олгох юм. Ингэхдээ иргэд хувьцааны дансаа баталгаажуулсан байх ёстойг албаныхан хэлж байна.

Х.ОЧ