З.Энхболдын онцлох 10 ишлэл
2020 оны 3 сарын 17

Ардчилсан намын даргын ахлах зөвлөх З.Энхболд өчигдөр цаг үеийн асуудлаар мэдээлэл хийсэн. Түүний хийсэн мэдээллээс голлох 10 ишлэлийг онцолж байна.

Ишлэл 1. Тавантолгойн хувьчлалыг эсэргүүцсэн болохоор сүүлийн үед ор үндэсгүй мэдээлэл тараасан довтолгоонууд их ирж байна. Ц.Элбэгдорж, М.Энхсайхан, Ч.Сайханбилэг нарын Тавантолгойн хувьчлалыг зогсоосны төлөө “гацаагч” гэдэг нэртэй болсон. Хамгийн гол нь хоёр гүтгэлэг явуулсан бөгөөд тэрэнд нь ард иргэд үнэмшсэн байгаа юм. Нэгдүгээрт, намайг хэдэн мянган машин явуулдаг гэсэн байна. Би машин явуулах нь бүү хэл, хувьдаа жижиг суудлын тэрэггүй хүн. Хоёрдугаарт, “Хишиг Арвин” гэх компанийг минийх хэмээн гүтгэсэн. Тус компанитай миний бие ямар нэгэн холбоо байхгүй. Миний мэдэлд байдаг компаниуд бүгд миний ХОМ-д бий. 2006 оноос хойш ХОМ бөглөж байна. Үүнд “Хишиг Арвин”, машин явуулдаг бизнесийн аль нь ч байхгүй.

Ишлэл 2. Д.Сумъяабазар ҮАБЗ-ийн гурван гишүүнд болон УИХ-ын гишүүдэд “5.2 тэрбум ам.доллар олно” гэж хэлээд 73 дугаар тогтоолыг батлуулсан. Тогтоолыг батлуулснаас хойш таван тэрбум 239 сая ам.доллар хэрэгтэй гэж байсан бөгөөд гурван тэрбум 364 сая ам.долларыг Тавантолгой өөрөө шийдсэн. Хамгийн түрүүнд 1.3 тэрбум ам.доллароор тоног төхөөрөмж авна гэж байсан. Үүнийг гэрээт олборлогч компаниуд улсаас нэг ч төгрөг авалгүйгээр хийсэн. Дараагийн 824 сая ам.доллар, нэг тэрбум 240 сая ам.долларыг “Эрдэнэс Тавантолгой” ХК гурван аргаар шийдсэн байна.

Ишлэл 3. 500 сая ам.доллароор нүүрс угаах үйлдвэр барихыг би буруу гэж бодож байгаа. Яагаад гэхээр нэг сая тонн нүүрс угаах үйлдвэр нэг сая ам.доллар юм. 30 сая тонн нүүрс угаах үйлдвэрийг 500 сая ам.доллароор барина гэдэг нь шахааны бизнес. 500 сая ам.доллар 30 сая ам.доллар болж буурах ёстой.

Ишлэл 4. “Эрдэнэс Тавантолгой” ХК-г хувьчлаад олох гэж байсан мөнгөний хэрэгцээ алга болсон учраас УИХ-ын 73 дугаар тогтоолыг нэн даруй хүчингүй болгох хэрэгтэй. Д.Сумъяабазарын төлөвлөсөн нэг тэрбум ам.доллар хүрэхээргүй боллоо. Удахгүй хэдэн зуун сая ам.доллараар зарах тухай ярьж эхлэх байх.

Ишлэл 5. Одоо Тавантолгойг хувьчилдаг цаг үе нь биш. Өөрийнх нь орлогоор бүтээн байгуулалтаа хийгээд дуусаж байгаа учраас үүнийг зарах хэрэг юу байна вэ гэж УИХ-ын гишүүд болон ҮАБЗ-ийн гурван гишүүнд хандаж байна. Энэ шийдвэрээ хурдан албажуулахгүй бол IPO хийх нэрээр мөнгө үрдэг. Одоо хэдэн арван сая доллар үрэхээр бэлдэж байна. Д.Сумъяабазар сайд аа, мөнгө үрэх гэж байгаагаа одоо зогсоох хэрэгтэй.

Ишлэл 6. 2018 оны зургаадугаар сарын 14-ний ҮАБЗ-ийн хурал, 2018 оны зургаадугаар сарын 20-29-ний долоо хоног дахь байнгын хороо, 29-ний чуулганаар Тавантолгойн IPO гаргах тухай номыг ашиглаж УИХ-ын гишүүд Тавантолгойг хувьчлах 73 дугаар тогтоолыг гаргасан юм. Тус номонд Тавантолгойг хувьчлах нь яагаад зөв бэ гэх агуулгатай олон зүйл бичигдсэн. Номны 120-122 дугаар хуудсан дээр хөрөнгө оруулалтын мөнгөн дүнгүүд бий.

Ишлэл 7. “Страто” гэдэг компанитай намайг шууд холбож, гүтгэсэн. Энэ компани Монголд нүүрс угаах гэх мэт бизнес эрхлэхээр төлөвлөж буй хувийн компани. Надтай ямар нэг холбоо байхгүй. Таван жилийн өмнө гүтгэсэн арга барилаараа одоо дахиад гүтгэж байна. Эзэн нь нэг байгаа юм. Тавантолгойг хувьчилж авах гэсэн бүлэглэлд саад болмогц довтолгоо ирүүлж байна. Энэ ганц З.Энхболдын эрх ашиг биш ээ. Хоёр сая 500 орчим мянган хувьцаа эзэмшигчийн эрх ашиг учраас бүгд тэмцэх хэрэгтэй.

Ишлэл 8. Довтолгоонууд цаашид ч ирнэ. 2015 онд намайг гүтгэж байсан бүх гүтгэлгүүд худлаа гэдэг нь тогтоогдсон. МАН, “Эрдэнэс Тавантолгой” ХК, “MCS” групп нийлээд Л.Наранбаатарыг хөлсөлж гүтгүүлсэн байна лээ. Энэ хүн бусдыг залилаад шүүхийн шийдвэрээр ял авсан хүн. Намайг гүтгэх гэж байгаа бол жаахан хүн үнэмшихээр зүйлээр гүтгэ.

Ишлэл 9. Хоёр сая 500 мянган хувьцаа эзэмшигчид нэг удаа ногдол ашиг авах биш 200 жилийн турш ногдол ашиг авмаар байна. Баялгийг нь биднээс асуулгүйгээр зарж байгаа нь буруу. Одоо үүнийгээ зогсоо. Д.Сумъяабазар бөх барилдахдаа сайн байж болно. Гэхдээ миний үгэнд орох хэрэгтэй. Яагаад гэвэл би АНУ-ын Денверийн их сургуульд хоёр жил номыг нь үзчихсэн юм. IPO дээр Д.Сумъяабазар надтай маргалдахаа болих хэрэгтэй. Энэ бол өмч хувьчлал.

Ишлэл 10. Хүн гүтгээд тэр гүтгэлгээ хэдэн мянган сувгаар зэрэг цацчихаар хүмүүс үнэн гэж ойлгодог. 2015-2020 он хүртэл гүтгэсэн гүтгэлэг дотор үнэн зүйл нэг ч байхгүй. Торгуулиад өнгөрдөг цаг өнгөрсөн. Гүтгэсэн хүмүүс ял авна. Ял авах нь тодорхой учраас ялтнаар гүтгүүлж байна. Худал зүйлсэд автахгүй байхыг иргэдэд уриалж байна. Хэрэв үнэн байсан бол 1996 оноос хойш 24 жилийн хугацаанд миний талаар бичсэн зүйлс нотлогдоод би ял авах байсан. Харамсалтай нь, ор үндэсгүй зүйлээр 24 жилийн турш намайг гүтгэж байна.

Хариулт үлдээх

Your email address will not be published.

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.