Б.Ууганбаяр: Тусгаарлах байранд байж зочид буудлын үйлчилгээ нэхэх шаардлагагүй
2020 оны 3 сарын 20

Улсын онцгой комиссоос байгуулсан Шуурхай штабаас цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ.

ОБЕГ-ын дэд дарга, хурандаа Б.Ууганбаяр “Шулуухан ярилцах хэд хэдэн асуудал байна.Улсын хэмжээнд өнөөдрийн байдлаар 21 цэгт 1734 хүн тусгаарлагдсан байна.

Нэгдүгээрт, гадаад улс орноос  ирж тусгаарлагдаж байгаа иргэдийн ачааг 14 хоног каргод байрлуулж байгаа. Зөөлөн биет дотор ачааг байрлуулснаар вирус идэвхигүй болно гэдэг зөвлөмжийг мэргэжлийн байгууллагаас өгсөн. Энэ хүрээнд ачааг битүүмжлэн ажиллаж байна. Гэтэл зарим иргэн “ачаа тээшин дотроосоо юм авна” гэдэг асуудал ярьж албан тушаалтан, дарга нараар яриулж ажилд садаа болж байна. Халдвар хамгааллын дэглэмийг бүгд сахина. Найз нөхөд, ах дүү, хамаатан садан байх нь хамаагүй, хүлээж авахгүй. Мэргэжлийн байгууллагын хийж байгаа ажлыг хэн ч байсан дагаж мөрдөх ёстой. Аливаа ажлыг зохион байгуулж байхад ах дүү хамаатан садан, таньж мэддэг хүнээрээ яриулдаг зүйлээ болиорой.

Хоёрдугаарт, өнөөдөр 10.00-16.00 цагийн хооронд тусгаарлагдсан иргэдэд нэг удаа эргэлт оруулна. Оруулах зүйлсийн жагсаалтыг гаргасан. Тусгаарлагдсан иргэдээс шүүмж гарч байна. Хоол унд хүрэлцэхгүй тохиолдол байгаа байх. Би өөрийн биеэр өнөөдөр тусгаарлах байрыг тойрно. Өчигдөр “Парк” зочид буудлын эзэн эмэгтэй ирээд хүндрэл бэрхшээлээ ярьсан. Тухайн зочид буудалд тусгаарлагдсан хүмүүс тагтан дээр гарчихсан шүлсээ ил задгай үсэргээд зогсож байгаа зургийг үзүүлсэн. Тусгаарлагдсан иргэд халдвар хамгааллын дэглэмийг ягштал сахина. Зочид буудлын үйлчилгээ нэхэхгүй. Энэ бол тусгаарлах байр гэдгийг ойлгох хэрэгтэй. Таны амь насыг хамгаалж, танаар дамжин нийгэмд дамжих халдвараас хамгаалж  байгаа гэдгийг сайн ойлго.

Гуравдугаарт,  төлбөрийн асуудал байна. Тухайлбал “Бага баян” сувилалд тусгаарлагдсан өмнөх хүмүүс төлбөрөө төлөөгүйгээс болж дараагийн хүмүүст үйлчилгээ үзүүлж чадахгүй гацчихаад байгаа. Тиймээс төлбөрөө төлсөн хүмүүст  л паспортыг нь олгоно.

Төгсгөлд нь, ард иргэд минь сахилгатай, хариуцлагатай, ухамсартай бай. Энэ ганцхан төр засгийн үүрэг биш. Ард иргэд төр засаг хамтдаа тэмцэж байгаа сайн жишиг бий. Бид ч чадна. Мэргэжлийн байгууллагын заавар зөвлөмжийг дага.  Элдэв буруу зүйлийг олон нийтийн сүлжээнд тавихгүй байя. Хүсэл байсан ч өөрийгөө барьж сур.  Энэ бол төр засгийн бодлого. Энэ бол Шуурхай штабын бодлого. Иргэд хүүхдүүдээ дагуулаад гадуур яваад байна. Өвчин дуусах болоогүй байгаа. Хүүхэд ямар ч буруугүй. Хүүхдээ гэрт нь байлгах зөвлөмжийг дага” гэлээ.

Х.ОЧ

 

Хариулт үлдээх

Your email address will not be published.

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.