АН: Цалингийн доод хэмжээг гурван саяд хүргэнэ
2020 оны 3 сарын 24

Ардчилсан намаас 2020 оны УИХ-ын сонгуулийн мөрийн хөтөлбөрөө Үндэсний аудитын газарт өнөөдөр хүргүүлжээ. Тус намаас Монгол өрх-Хөгжлийн бодлого нэртэй мөрийн хөтөлбөр боловсруулсан байна.

Энэ үеэр УИХ-ын гишүүн, АН-ын Үндэсний бодлогын хорооны гишүүн З.Нарантуяа: “Хөтөлбөрийн гол цөм нь монгол айл бүрийн амьдралд өсөлт гарахад чиглэнэ. Монгол Улс түүхий эдээ экспортолж биш, үйлдвэрлэж боловсруулдаг байх ёстой. Тиймээс баялаг бүтээгч, жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчидээ түлхүү дэмжиж айл өрх бүрийг дэлхийн дундажтай ижил орлоготой болгоход чиглэнэ. Цалингийн доод хэмжээг гурван сая төгрөгт хүргэх юм. Үнэгүй орон сууцыг урьтал болгохгүй.

Иргэн бүр өөрийн хөдөлмөрөөр, тохилог, хүсэл сонирхолдоо нийцсэн орон сууцаа худалдан авах боломжийг бүрдүүлнэ” гэв.

Сонгуулийн тухай хуулийн дагуу энэ сарын 25-ны дотор улс төрийн намууд мөрийн хөтөлбөрөө боловсруулж, Үндэсний аудитын газарт хүргэх ёстой.

Тэгвэл АН өнөөдөр мөрийн хөтөлбөрөө хүргүүлж, хянуулсны дараа олон нийтэд дэлгэрэнгүй мэдээлэх аж.

Тус мөрийн хөтөлбөрийн төслийг боловсруулахдаа, ТББ, холбоод, жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгч,  эрдэмтэн, судлаач зэрэг нийт 20 гаруй мянган иргэдийн саналыг хүлээн авч, нэгтгэн боловсруулжээ. Ингээд энэ сарын 21-нд Үндэсний бодлогын хороо цахимаар хуралдаж уг төслийг баталсан байна.

 

Хариулт үлдээх

Your email address will not be published.

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.