Сонгууль-2020: Үнэгүй орон сууц, “өндөр” цалин
2020 оны 5 сарын 15

 

УИХ-ын сонгуулийн цаг хугацааны хуваарийн дагуу сонгууль өрсөлдөх улс төрийн намууд мөрийн хөтөлбөрөө хянуулахаар Үндэсний аудитын газарт хүргүүллээ. Үндэсний аудитын газар улс төрийн намуудын мөрийн хөтөлбөрийг хуулийн заалтад нийцсэн эсэхийг хянаж, зөрчилтэй зүйл дээр засч залруулах тав хоногийн хугацаа өгдөг.  Намуудийн мөрийн хөтөлбөр ерөнхийдөө дундаж давхрага руу чиглэжээ. МАН дундаж давхрагыг дэмжих, АН монгол өрх-хөгжлийн бодлого, МАХН-ын хамтарсан эвсэнл иргэдийг үнэгүй оронсууцжуулахаар хөтөлбөртөө тус   тус тусгасан байна.  Улс төрийн намууд мөрийн хөтөлбөртөө юу юу тусгасан талаар заримаас дурдъя.

МАН: Ипотекийн зээлийн хүүг бууруулна

Эрх баригч хүчин МАН 2020 оны ээлжит сонгуульд дангаараа оролцохоо мэдэгдээд байгаа. МАН эрх чөлөө, шударга ёс, эв нэгдлийг эрхэм болгодог нийгмийн ардчиллын үзэл баримтлалтай намын хувьд нийгэм дэх тэгш бус байдлыг багасгах, нийгмийн хөгжил иргэн бүрт тэгш шударга хүрэх, дундаж давхаргыг дэмжих зорилтуудыг энэхүү мөрийн хөтөлбөрт онцлон тусгажээ.

Мөрийн хөтөлбөрөө боловсруулж батлахдаа  “Монгол улсын Тогтвортой хөгжлийн үзэл баримтлал-2030”, “Алсын хараа 2050” Монгол Улсын урт хугацааны хөгжлийн үзэл баримтлалын төсөл зэрэг бодлогын баримт бичгүүдийг үндэс болгосон байна. Түүнчлэн 2016-2020 оны МАН-ын УИХ-ын сонгуулийн мөрийн хөтөлбөрийн хэрэгжилт, иргэд олон нийтийн өгсөн үнэлэлт, салбарын эрдэмтэн судлаачдын дүгнэлтэд үндэслэн амжилттай хэрэгжиж буй хөтөлбөр, бүтээн байгуулалтуудыг үргэлжлүүлэн хэрэгжүүлэхээр тусгасан байна. Мөрийн хөтөлбөрт тусгаснаар НДШ төлдөг иргэн бүрийг оронсууцжуулахаа мэдэгдээд байгаа. Түүнчлэн Ипотекийн зээлийн хүүг бууруулах асуудал эрх баригч хүчний мөрийн хөтөлбөрт тусгассан байна.
АН: Цалингийн дундаж хэмжээг 3 саяд хүргэнэ

АН чөлөөт зах зээлийн эдийн засгийг дэмжсэн Баруун төвийн үзэл баримтлал бүхий намын хувьд Монгол өрх, өрхийн амьжиргааны түвшинг дээшлүүлэхэд чиглэсэн МОНГОЛ ӨРХ-ХӨГЖЛИЙН БОДЛОГО мөрийн хөтөлбөрийг дэвшүүлээд байна.  Мөрийн хөтөлбөрийн гол үзэл санаа нь “Өрхийг дэмжсэн өсөлтийн бодлого”-ыг хэрэгжүүлэхэд оршиж байна. Тухайлбал, өрхийн эдийн засгийг дэмжих арга замаар дундаж давхаргын нийгэмд эзлэх “жин”-г нэмэгдүүлэх, ядуурлыг эрчимтэй бууруулах, баялгийн хуваарилалтыг тэгшитгэх, өрхийн үйлдвэрлэл, Жижиг дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх зэрэг нийгмийн захиалгатай олон асуудал багтаж байгаа аж. Ийнхүү иргэдийн амьжиргааны түвшинг төрөөс бодлогоор дэмжсэнээр хөрсний бохирдол, орон сууц, боловсрол, хүн амын хэт төвлөрөл зэрэг нийгмийн шинж чанартай олон асуудал зах зээлийн эдийн засгийн зарчмаар шат дараатай шийдэгдэж, Монгол Улс дан ганц уул уурхайд түшиглэсэн эдийн засгийн хараат байдлаас гарч, олон талт эдийн засгийн суурь тавигдана гэж үзжээ.

УИХ дахь АН-ын зөвлөлийн дэд дарга З.Нарантуяа “Ирэх жилүүдэд өрх айл бүрт эдийн засгийн өсөлтийг авчрах хөгжлийн хөтөлбөр гэж тодорхойлж байна. Бүтээдэг, сэтгэдэг, хийдэг хэсгээ дэмжинэ. Бүтээгдэхүүнээ үйлдвэрлэдэг орон болохын төлөө хөгжлийн хөтөлбөрөө боловсруулсан. Монгол айл өрх бүрийг дэлхийн дундаж орлоготой өрх болгоход манай бодлого бүхэлдээ чиглэгдсэн. Сарын цалин, тэтгэврийн доод хэмжээг 3 сая төгрөгт хүргэнэ. Баялаг бүтээгчдийг түлхүү дэмжинэ” гэдгийг онцолсон юм.

МАХН: Иргэдийг үнэгүй оронсууцжуулна

Өнгөрсөн хугацаанд МАХН бусад намуудтай хамтарч ажиллан шинэ дээд Үндсэн хууль төслийг боловсруулж, залууст боловсролыг үнэ төлбөргүй олгож, залуу гэр бүлийг үнэ оронсууцжуулах бодлого дэвшүүлээд байсан билээ. Тиймээс ч энэ удаагийн МАХН болон ИЗНН, МНН-ийн хамтарсан эвслийн  мөрийн хөтөлбөрт дээрх заалтуудыг тусгаж, цалингинй дундаж хэмжээг 5 сая төгрөгт хүргэж, иргэдийг үнэгүй орон сууцаар хангах зорилт тусгаснаа мэдэгдээд байна.

Х.ОЧ