Ц.Элбэгдорж: Х.Баттулга Ерөнхийлөгчийн сонгуульд дахин нэр дэвшвэл би түүнийг сөрж өрсөлдөнө
2020 оны 6 сарын 24

Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж өнөөдөр өөрийн твиттер хуудаснаа “Нутгийн зүг хүлгийн жолоо залахад бэлэн боллоо. УБ-аас Токиод МИАТ-ын онгоц буух сайхан мэдээ сонслоо. Эх нутагтаа очих сургаар над руу ирэх дайралт ширүүсч байна. Ийм юм надад улам эрч хүч нэмж, намайг хурцалдаг юм. Цаг болж. Би доорхи маягаар хариу барихаар шийдлээ. Болгооно уу.

“Намайг очих мэдээг албаны шугамаар түрүүлж авсан нэгэн их цочин сандарчээ. Ирүүлэхгүй араас нь гүтгээд сууж байх төлөвлөгөө нь нурж. “Чамайг тэнд хорино” гэж хүртэл бичүүлж, сэвж айлгаж дарамтлах гэж үзжээ. Ингэвэл ирэхээ болино гэж тооцсон бололтой. Би үүнийг хараад юу бодсоноо шууд хэлчихье.

Хэрэв Халтмаагийн Баттулга Ерөнхийлөгчийн дараагийн сонгуульд дахин нэр дэвшвэл би түүнийг сөрж өрсөлдөх болно гэдгээ үүгээр зарлаж байна. Учир нь Х.Баттулга Монголын ард түмний язгуур эрх ашиг, эрх чөлөө, хууль ёсонд хамгийн хор уршиг бүхий албан тушаалтан юм. Түүний харь барьцаанаас Монгол төрийг аврах, чөлөөлөх нь Монголоо гэсэн хүн бүрийн нэн тэргүүний зорилт. Намайг Баттулга махны машинаараа хэчнээн далайлгаж,  дарамталж, яллах гэж оролдлоо ч Монгол Улсын хууль, эрх ашгийг зөрчсөн үйлдэл надаас нэг ч ширхэг олж чадахгүй. Надад тийм  зүйл байхгүй. Төрийнхөө хуулийг хүндэтгэж, хар цагаанаа шударгаар яллуулах нь миний хувьд нэр төр, бахархал байх болно” гэжээ.

Х.ОЧ