Уул уурхай элгээрээ хэвтлээ
2020 оны 4 сарын 21
Уул уурхай элгээрээ хэвтлээ

Уурхайчид хөнжил, гудсаа үүрэн Улаанбаатар хот руу буцсаар… Тавантолгойн уурхайг дагасан бичил уурхайнууд хаагдсанаар ажилгүй болсон нь энэ. Хэдий хугацаагаар ажилгүй суух, тэр хооронд ямар хөдөлмөр эрхлэх нь тодорхойгүй.

“Бор зүрхээрээ” нэг ажил олж хийдэг л байхдаа гэх үг нь цаанаа итгэлгүй. Учир нь уурхай дагасан ажил, амьдрал тогтвортой байхаа больжээ.

Зөвшөөрөлтэй, татвараа төлдөг уул уурхайн компанид ажиллаад амьдралаа залгуулаад явж байтал төр нь тагнуул, цагдаа, цэрэг хөдөлгөн үйл ажиллагааг нь зогсоодог, эсвэл “эх орончид” нэртэй хөдөлгөөнийхөн ирж, шантаажлаад ажил хийлгэдэггүй. Зарим тохиолдолд төр, “эх орончид” хоёрт балбуулсаар хаагдахаас аргагүй болсон тохиолдол ч бий гэнэ.

Тухайлбал, Ардын намын 2016 оны УИХ-ын сонгуульд дэвшүүлсэн, Засгийн газрын мөрийн хөтөлбөрт багтсан боловсруулах үйлдвэрлэлийг дэмжинэ гэх үгэнд итгэн нүүрс угаах үйлдвэр барьж, ажлаа эхлүүлээд “шатсан” бизнесмэн ч байна. Одоо түүнд үйлдвэрээ байгуулахаар банкнаас авсан их хэмжээний зээл л өрийн дарамт болж, “өвлөгджээ”. Нэмүү өртөг шингээсэн үйлдвэр байгуулах нь олон монгол хүнийг ажлын байраар хангаж, алсдаа аж үйлдвэрлэлийн салбар хөгжих үндэс болох юм гэдэг Ардын засгийн зорилт хоосон популизм байжээ гэдгийг үйлдвэрээ зогсоож, хаалгыг нь хаасан хойноо л мэдэрч. Өр тавин, нүүрс угаах үйлдвэр барьж, үйлээ үзэхийн оронд нэг хятад иргэнтэй нийлээд нүүрс экспортолсон бол бизнес нь саад тотгоргүй явах байсан нь одооноос л орой руу орж байна гэж ярьж сууна. Энэ бол зөвхөн нэг бизнесмэн, ажилгүй болсон уурхайчдад тулгарч буй бэрхшээл юм.

Статистик мэдээллээр Засгийн газар өнгөрсөн гурван жил гаруйн хугацаанд 700 гаруй лицензийг цуцалжээ. Лицензээ цуцлуулсан аж ахуйн нэгжид үндэсний компаниуд болоод гуравдагч хөршийн хөрөнгө оруулалтай компани түлхүү өртсөн байна.

Хуулийн хүрээнд үйл ажиллагаа эрхлээгүй үндэслэлээр лицензийг нь цуцалсан ч эргээд энэ салбарт хийгдэх байсан хөрөнгө оруулагчдыг үргээж, мөн хэдэн зуун монгол хүнээ ажилгүй болгон, татвар төлөгчдийн мөнгөөр асар их нөхөн төлбөр төлж болзошгүй эрсдэлд оруулаад буй. Лицензээ цуцлуулсан аж ахуй нэгж эхнээсээ шүүхэд гомдол гаргасан бөгөөд шийдвэр хэний талд гарахыг хэлэхэд одоо эртдэх ч лицензээ цуцлуулсан 700 эзэмшигчээс долоо нь шүүхэд хандан заргаа авсан тохиолдолд нөхөн төлбөрийн асуудал босч ирнэ. Харин нөхөн төлбөрийн мөнгийг хэнээр төлүүлэх вэ гэдэг илүү ойлгомжтой, татвар төлөгчдийн мөнгө ёолох биш төлбөрийг нь хийнэ. Тэр үед татвар төлөгчид гомдол гаргаад өнөөгийн Засгийн газрын сайд нараас төлбөрийг нь гаргуулахаар зарга үүсгэвэл яадаг бол… Буруу шийдвэр гаргасныг нь тухайн үеийн эрх мэдэлтэн нь хариуцдаг байх хууль эрх зүйн орчинтой болохгүй бол татвар төлөгчид юм болгоны “нөхөөс” болдог тогтолцоо олон жил үйлчилж ирлээ.

Уг нь төр уул уурхайн салбар зөвхөн нэг улсаас хараат байгааг өөрчлөх шаардлага үүссэн гэж ярих хэрнээ хаах, цуцлах болохоороо эсрэгээрээ хэрэгжүүлдэг. Тэр бүү хэл нутаг ус маань сүйрлээ гэж уйлах “эх оронч” дотор нь Тавантолгойн ордод хөрс хуулалтын ажил хийж, хэдэн жил ашиг хийсэн нөхөр ч  давхиж явааг юу гэж ойлгох вэ. Хөрс хуулсан нь эх оронч, хөрсөн дээгүүр автомашин явуулсан нь байгаль орчин сүйтгэгч болж хувирав уу. Угтаа бол хэн хэн нь биенээ нөхөөд уул уурхайн салбарт бизнес эрхэлсэн. Гэвч хэн дуутай шуутай нь “эх оронч” болдог хойно чимээгүй үйлдвэр эрхэлсэн нь хохирогч болоод үлдэж байна.

Нөгөөтэйгүүр, “Эх орон сүйдэж байна” нэрийн дор хэрэгжүүлсэн лиценз хураалтын уршиг,  цар тахлаас улбаалж, Монгол Улсын гадаад худалдаа алдагдал хүлээж эхэлжээ. Тодруулбал, Үндэсний статистикийн хорооноос гаргасан 2020 оны нэгдүгээр улирлын мэдээгээр Монгол Улс 121 улстай худалдаа хийж, гадаад худалдааны нийт бараа эргэлт 2.2 тэрбум ам.доллар, үүнээс экспорт 1.0 тэрбум ам.доллар, импорт 1.2 тэрбум ам.доллар байна. Нийт бараа эргэлтийн хэмжээ өмнөх оны мөн үеэс 860.1 (28.1%) сая ам.доллар, үүнээс экспорт 735.9 (41.5%) сая ам.доллароор, импорт 124.2 (9.7%) сая ам.доллароор тус тус буурчээ.

Экспорт өмнөх оны мөн үеэс 735.9 сая ам.доллароор буурахад алтны экспорт 115.6 сая ам. доллар, зэсийн баяжмалын экспорт 152.6 сая ам.доллар, нүүрсний экспорт 391.3 сая ам. доллароор буурсан нь голлон нөлөөлжээ.

Өөрөөр хэлбэл, энэхүү статистик ашигт малтмалын лиценз цуцлалт зөвхөн нэгдүгээр улиралд ямар үр дагавар дагуулж байна вэ гэдгийг харуулж буй бодит тоо. Харин эрх баригчид цар тахал руу “чихэх” нь ойлгомжтой.

Хамгийн гол нь Монголд өнөөдөр эдийн засгийн хямрал нүүрлээгүй байна. Харин бодит хямралтай нүүр тулахад элгээр нь хэвтүүлчихсэн байгаа уул уурхайн салбар нэмэр болж чадахгүй. Тэр үед хаанаас орлогын эх үүсвэр босгож, улсаа аврах вэ гэдгийг одооноос бодож эхлэх цаг ирлээ.