Монгол Улс ФАТФ-ын “Саарал жагсаалт”-аас гарлаа
2020 оны 5 сарын 29

Манай улс ФАТФ-ын “Саарал жагсаалт”-аас албан ёсоор гарчээ.  Тодруулбал,   мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх олон улсын байгууллага болох ФАТФ-аас Монгол Улсыг өнгөрсөн онд стратегийн дутагдалтай орны жагсаалтад багтаасан. Ингэснээр  хэд хэдэн үүрэг, даалгаврыг өгсөн бөгөөд Засгийн газраас  “Саарал жагсаалт”-аас гарах ажлын хэсгийг байгуулан хэд хэдэн удаагийн тайланг хамгаалсан юм. Хамгийн сүүлд энэ сарын эхээр эцсийн тайлангаа онлайнаар хамгаалсан бол хариу нь өчигдөр орой гарсан байна. Ингэснээр ФАТФ-аас   Монгол Улсыг “Саарал жагсаалт”-аас гаргаснаа албан ёсоор мэдэгджээ. Энэ талаар Сангийн сайд Ч.Хүрэлбаатар, Монгол банкны ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн, СЗХ-ны дарга Д.Баярсайхан нар албан ёсны мэдээллийг өглөө.

Сангийн сайд Ч.Хүрэлбаатар энэ үеэр “Монгол Улсыг“ Саарал жагсаалт”-д оруулсан зургаан асуудлыг шийдвэрлэж чадлаа. Ажлын хэсэг үлдсэн гурван даалгавраа өчигдөр хамгаалсан. Үүнтэй холбоотойгоор ФАТФ-ын нарийн бичгийн дарга нарын газар дүгнэлтээ бидэнд ирүүлсэн. Тус тайланд Монгол Улс гэрийн даалгавраа амжилттай хамгаалсан гэсэн дүгнэлт гарлаа. Үүнтэй холбоотойгоор ФАТФ-аас манай улсад ирж шалгалт хийх ёстой байсан ч  цар тахалтай холбоотойгоор тодорхойгүй хугацаагаар хойшиллоо. Манай улсад ФАТФ-аас хэд хэдэн шаардлага тавьсныг бид бүрэн биелүүлсэн буюу хууль эрх зүйн орчныг нь бүрдүүлсэн. Тухайлбал,

Нэгдүгээрт, санхүүгийн бус бизнесийн салбарынхны хяналт, үйл ажиллагаа хангалтгүй байна гэж ФАТФ дүгнэсэн. Тодруулбал, үнэт металл, үнэт чулуу эрхлэгчид болон үл хөдлөх хөрөнгө  зуучлалын салбарт  төрийн зохицуулалт хэрэгтэй гэж үзсэн. Үүний дагуу бид алт, үнэт металл эрхлэгчдийг бүртгэлжлүүлж, тусгай зөвшөөрлийн хүрээнд үйл ажиллагаа явуулдаг болгосон.  Мөн хуульч, нотариатчидтай холбоотой бүх зохицуулалтыг  тусгай хууль гарган хяналт тавих  эрх зүйн орчныг бүрдүүлсэн.

Хоёрдугаарт, мөнгө угаахтай холбоотой гэмт хэргийг мөрдөх, прокурорын төвшинд яллах дүгнэлт гаргах ажиллагаа Монголын хувьд учир дутагдалтай байна гэж үзсэн.  Энэ тухайд тодорхой ажлыг хийж байгаа гэдгийг манай хууль, хяналтын байгууллагууд болох АТГ, цагдаагийн байгууллага, прокурор,  шүүхийнхэн  бүх мэдээллээ өгч,  тайлангаа хамгаалсан. Монголын төрийн байгууллагууд нягт хамтран ажилласны хүчинд “Саарал жагсаалт”-аас гарч чадлаа.

Гуравдугаарт, өнгөрсөн нэгдүгээр  сард  Бээжинд болсон тайлангийн хурлын үеэр  дутагдалтай байна гэж үзсэн нэг зүйл нь НҮБ-ын  санкцтай холбоотойгоор авах арга хэмжээнүүд байсан. Үүнийгээ бид маш тодорхой болгож, авч хэрэгжүүлсэн. Ингээд үлдсэн гурван асуудлаа манай улс амжилттай хамгааллаа. Нэмж хэлэхэд, өнөө өглөө Монгол Улсын  зээлжих зэрэглэлийг “Фитч” агентлагаас хэвээр үлдээснээ зарласан гэдгийг мөн дуулгая” гэлээ.

М.МАРГАД-ЭРДЭНЭ