Сонгуульд нэр дэвшигчдийн поп амлалтууд
2020 оны 6 сарын 24

2020 оны УИХ-ын сонгуульд нэр дэвшигчдийн гол амлалт нь үнэгүй орон сууц, таван сая төгрөгийн цалин болоод байна. Өнгөрсөн удаагийн сонгуулиудын амлалтыг эргэн санахад улстөрчид хоосон амлалт, мөрөөдлийн жагсаалтаар сонгогчдоо хуурдаг байсан. Энэ удаад ч улс төрийн намуудын мөрийн хөтөлбөрт энэ хоосон амлалт, мөрөөдлийн жагсаалтууд хөвөрчээ.


МАН АЛСЫН ХАРАА-2050:

Мөрөөдлийн жагсаалтыг Монгол ардын нам тэргүүлж байна. Тэд дундаж орлоготой иргэдийг дэмжих зорилгоор нийгмийн даатгал төлдөг иргэн бүрийг орон сууцанд хамруулж, зээлийн хүүг бууруулах зэрэг амлалтууд багтаажээ. Ингэхдээ 50 м/кв байрыг залуу гэр бүл болон гэр хорооллоос орон сууцанд орох тохиолдолд цемент, арматурыг тэглээд, төрийн орон сууцны корпорацийг оролцуулаад, зах зээлийн үнэлгээг бууруулах гэнэ. Улаанбаатар хотод 380 мянган өрх амьдарч байгаагийн 60 орчим хувь буюу 200 мянга гаруй нь гэр хороололд оршин суудаг. Орон сууц мөрөөдөгчид гэсэн үг.

Харин үлдсэн 40 орчим хувь нь орон сууцанд амьдарч буй ч дийлэнх нь орон сууцны зээлтэй. Орон сууц бол ядуу монголчуудын хамгийн эмзэг сэдэв мөн. Тэд үүнийг овжин ашиглаж дээрх “тэнгэрийн  амлалт”-ыг өгөөд байна. Гэвч өнөөдрийн нөхцөлд нийгмийн даатгал төлдөг бүхэн орон сууцтай болох боломжтой гэдэг үнэнээс хол зөрнө. Харин тэд мөрийн хөтөлбөртөө популист амлалтууд байхгүй гэж тодотгоод буй. МАН-ын Мөрийн хөтөлбөрт “Алсын хараа-2050” урт хугацааны хөтөлбөрийн эхний дөрвөн жилд хэрэгжих хөтөлбөрүүдийг тусгажээ.

АН МОНГОЛ ӨРХ-ХӨГЖЛИЙН БОДЛОГО:

-Тус намын мөрийн хөтөлбөр “Монгол өрх-Хөгжлийн бодлого” нэртэй. Ардчилсан нам цалин, бодит орлогын дунджийг гурван саяд хүргэнэ гэж ам нээв. Энэ удаагийн мөрийн хөтөлбөрийн гол цэгт монгол айл бүрийн амьдралын чанарт өсөлт авчрах хөтөлбөр хэмээн тодорхойлж байна. Монгол хүнийг, монгол айл өрх бүрийг дэлхийн дундаж орлоготой болгоход манай бодлого бүхэлдээ чиглэсэн. Цалин, дундаж орлогын хэмжээг гурван сая төгрөгт хүргэнэ. Иргэдийг үнэгүй орон сууцаар хангахыг урьтал болгохгүй. Өөрийн хөдөлмөрийн үр шимээр тохилог орон сууц худалдан авах орлого бий болгож өгнө гэж тодотгосон.

ШИНЭ НАМ-ӨРГҮЙ МОНГОЛ:

-Тус эвслийн мөрийн хөтөлбөр дунд өнгөрсөн 30 жилийн хугацаанд хуримтлагдсан 30 тэрбум долларын өрийг 3 сая ард иргэдээр биш 30 гэр бүл, тэдний хамаарал бүхий этгээдүүдээр төлүүлэх “Өргүй монгол” хөтөлбөр хэрэгжүүлнэ хэмээн амлажээ. Улмаар 30 гэр бүлийн мөнгөөр иргэдийг орон сууцанд оруулах гэнэ.

Шинэ намын зүгээс өчигдөр /2020.05.27/ мэдээлэл хийн, өрх бүрийг тэрбумтан болгох хуулийн төсөл өргөн барихаа зарласан. Өмнө нь монгол хүн бүр баялгийнхаа эзэн болох тухай үлгэрийг УИХ-ын гишүүн Л.Болд ярьж, хуулийн төсөл өргөн мэдүүлдэг байсан бол энэ удаад Ж.Батзандан гишүүнээр солигдов.

Шинэ намын даргын тайлбарласнаар төсөлд “Эрдэнэс Тавантолгой” компанийн хувьцааг Монголын нийт ард түмэнд 100 хувь өмчлүүлэхээр заажээ. Нэг хүнд 4600 ширхэг хувьцаа буюу 266 сая төгрөгтэй тэнцэх өмчлөх эрхийн хувьцаа оногдоно. Энэ нь дөрвөн хүн амтай өрхөд ойролцоогоор нэг тэрбум төгрөгтэй тэнцэхүйц хувьцаа ногдож, өрх бүр тэрбумтан болох юм байх.

МАХН ТА БИДНИЙ ЭВСЭЛИЙН ГУРВАН БАЯЛАГ:

-Та бидний эвслийн мөрийн хөтөлбөр нь “Гурван баялаг” нэртэй. АН-ын амласан гурван сая төгрөгийн цалинг МАХН бүхий “Та бидний эвсэл” нэртэй эвсэл хоёр саяар нэмж таван саяд хүргэсэн. Дээр нь нэмээд үнэгүй байр өгөх “Өрх бүрт орон сууц” хөтөлбөр хэрэгжүүлэхээ өнгөрсөн намраас эхэлж амласан. Ингэхдээ одоо байгаа ипотекийн зээлийг тэглэж, орон сууцанд орохын тулд урьдчилгаа 30 хувь төлдөг байдлыг зогсоож, орон сууцны зээлийг хүүгүй болгох зэрэг үлгэр ярьж, бүр орон сууцанд орохыг хүссэн иргэдийг бүртгэж авсан билээ. Сонгуульд зориулж энэ хөтөлбөрийг боловсруулаагүй, өнгөрсөн гурван жилийн хугацаанд эрдэмтэн судлаачидтай нийлж, тооцоо судалгаа хийж боловсруулсан мөрийн хөтөлбөр хэмээн онцлов.

ЗӨВ ХҮН ЭЛЕКТОРАТ ЭВСЭЛ:

-Хүндээ хөрөнгө оруулъя, технологийг түрүүлж эзэмшье, байгальд ойр Монголоороо байя, баялгаа баялаг болгодог эдийн засаг, цэвэр төр гэсэн үндсэн таван бүлгээс бүрдэж байна. “Зөв хүн Электорат” эвслийн мөрийн хөтөлбөрийн гол санаа нь нийтээр орлоготой, мэдлэгтэй, гадаад хэлтэй, ажилтай болох түлхүүрийг нээсэн бодлого тодорхойлсон. Монголчууд технологийг бусдаас түрүүлж сураад, нийтээр хэрэглэж чадвал хулгайгаас ч сална, гурван сая монгол 300 сая болох боломж ч байгааг гэж тодотгосон.