МАН: Ерөнхий сайдаа багаар нь сонгосон ард иргэддээ баярлалаа
2020 оны 6 сарын 25

УИХ-ын сонгуулийн санал хураалтын урьдчилсан дүнгийн талаар  МАН-аас мэдээлэл хийлээ.

МАН-ны Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарсайхан:

-УИХ-ын 2020 оны сонгуульд МАН одоогоор 62 суудал авч ялалт байгуулаад байна. Хүчээ нэгтгэж, бидэнд итгэж, Ерөнхий сайдаа багаар нь дэмжсэн ард түмэндээ МАН-ын мянга мянган гишүүдийн зүгээс талархаж буйгаа илэрхийлж байна. Монголын ард түмэн МАН-д эхлүүлснээ дуусгах захиа даалгавараа өглөө. Дэлхийн нийтэд тархсан цар тахлын үед сонгуулийг амжилттай зохион байгуулсан Сонгуулийн ерөнхий хороонд талархал илэрхийлж байна. Мөн сонгуульд шударгаар өрсөлдсөн улс төрийн нам, эвсэл, бие даасан нэр дэвшигчдэдээ баярлалаа. МАН олон түмний дэмжлэгийг хүлээсэн, нэр цэвэр, эх орноо гэсэн гишүүдээ нэр дэвшүүлсэн. Хэн олон нийтийн дэмжлэгийг хүлээж чадах вэ гэдгийг судалгаагаар тогтоосон. Өөрөөр хэлбэл, МАН шинжлэх ухааны үндэслэлээр нэр дэвшигчдээ тодруулсан. Бид бодлогын бүтээлч өрсөлдөөнийг бий болгохыг зорьсон. Цаашид Монгол төрийн сонгууль шударга, цэвэрхэн, бодлогын өрсөлдөөн байх ёстой. Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх сүүлийн жилүүдэд олон асуудлыг шийдсэн. Ерөнхий сайдаа багаар нь сонгосон  ард иргэддээ баярлалаа.  Итгэл бүхний зүтгэлээр хариулах үүрэг бидэнд ирлээ. Сүүлийн 30 жилд анх удаагаа нэг нам 2 дахь удаагаа Засгийн эрх барих гэж байгаа анхны тохиолдол болж байна. Бид өнөөдрөөс эхэлж ажилдаа орж байна.  Монгол Улс мандан бадрах болтугай.