Ч.Содномцэрэн: 164 хэсэгт хяналтын тооллого хийсэн, санал зөрөөгүй
2020 оны 6 сарын 29

УИХ-ын 2020 оны сонгуулийн үр дүнг хүлээн зөвшөөрөөгүй, зарим нам, эвсэл, бие даан нэр дэвшигчийн гомдол болон Ерөнхийлөгчийн саналыг дагуу СЕХ өнгөрсөн амралтын өдрүүдэд хяналтын тооллого явууллаа.

Хяналтын тооллогын дүнгийн талаар СЕХ-ны дарга Ч.Содномцэрэн “Сонгогдсон УИХ-ын гишүүдэд үнэмлэх гардуулна. Үүнээс өмнө хяналтын тооллоготой холбоотой мэдээлэл хийе. Монгол Улсын Ерөнхийлөгчид хүргүүлсэн гомдол шаардлага мөн Ерөнхийлөгчөөс СЕХ-д хандаж ирүүлсэн албан бичиг, Ерөнхийлөгчийн зүгээс СЕХ-ны гишүүдийн хүлээн авч албан даалгаврын биелэлтийг мэдээлье. Ерөнхийлөгчийн зүгээс хуульд заасан 50 хүртэлх хувийн хяналтын тооллого хийх боломж байна. Гомдол гаргасан тойрог хэсгүүдэд 27,28-ны өдрүүдэд гомдол гаргасан нэр дэвшигчдийг байлцуулж байгаад хяналтын тооллого хийх нь зүйтэй гэсэн үүрэг чиглэл өгсөн. Энэ дагуу СЕХ энэ сарын 27-ны өдрийн 17.40 цагаас 28-ны 00.21 цаг хүртэл хяналтын тооллого хийж, мэдээгээ авлаа. Гомдол гаргасан нийслэлийн Хан-Уул, Чингэлтэй, Сонгинохайрхайн, Баянзүрх, Сүхбаатар дүүрэг мөн Өмнөговь, Дорнод, Дархан-Уул, Өвөрхангай аймгийн таван тойрог 164 хэсэгт хяналтын тооллого хийлээ.

Хяналтын тооллого хийхэд төрийн албан хаагч, нам эсвэл бие даагчдын ажиглагч оролцлоо. Нийтдээ 71,3 сая төгрөгийн зарлага гарлаа. Хяналтын тооллогыг Цагдаа, Тагнуулын байгууллагын хяналтад хийсэн Хяналтын тооллого хийсэн 12 тойрог 164 хэсэгт санал авах тоолох машины дүн саналын хайрцагт байгаа хуудасны тэмдэглэгээтэй бүрэн тохирч, зөрчил гарсангүй гэсэн мэдээ тайлан ирлээ. СЕХ хуульд заасны дагуу гомдол гаргасан хэсгүүдийн 50 хүртэл хувьд хяналтын тооллого хийсэн. Хяналтын тооллогын дүнг нам эсвэл бие даагчдын төлөөлөл зөвшөөрч гарын үсэг зурсан” гэлээ.

Х.ОЧ