Д.Цогтбаатар: Монгол Улс хэзээ ч төвийг сахисан байр суурьтай байгаагүй
2020 оны 7 сарын 26

МАН-ын долдугаар хурлын үеэр УИХ-ын гишүүн Д.Цогтбаатар сэтгүүлчдийн асуултанд хариулж, өөрийн байр суурийг илэрхийллээ.

Тэрбээр “Бид мөрийн хөтөлбөртөө соёлын яамыг нэмнэ гэж тусгасан байгаа. Учир нь бид 30 жил хөгжихдөө иргэдийг соён гэгээрүүлэх ажлыг орхигдуулсан байна. Одоо нөхөх хэрэгтэй байна. Тиймээс соёлын яам нэмэгдэнэ гэж ойлгож байна” хэмээлээ.

-Та одоо Гадаад харилцааны сайдаар ажиллаж байгаа. Шинэ Засгийн газрын бүрэлдэхүүн бүрэлдэх үед улиран ажиллах болов уу?

-Гаднаас байх болов уу гэж бодож байна.

-Монгол Улс төвийг сахих байр суурь баримтлах уу?

-Манай улс хэзээ ч төвийг сахих статустай байгаагүй. 2015 онд тухайн үеийн Ерөнхийлөгч ийм байр суурь гаргасан ч манай улстай харьцдаг гадаад бодлогын ихэнх экспертүүд энэ байр суурийг ойлгохгүй байна гэсэн тул зогсоосон. Монгол Улс өөрийн амжилттай явж ирсэн гадаад бодлоготой орон. Би хэзээ ч төвийг сахих байр суурийг дэмждэггүй. Улс өөрийгөө хүлэх ёсгүй. Дэлхий дээр 6-7 орон төвийг сахих байр суурьтай байдаг. Тэр дундаа Ази тивд Туркнистан улс л ийм байр суурьтай.

 -Ж.Эрдэнэбат гишүүний асуудал дээр та ямар байр суурьтай байна вэ?

-Дархан эрх нь байсаар байтал яаж яваад шүүхийн шатанд хүрчихсэнийг би ойлгохгүй байна. Тэр болтол олон асуудал бий шүү дээ, УИХ-ын тусгай процедур гэх мэт. Гэтэл бүрэн эрхтэй хүнийг барьж хорьсныг буруушааж байна.