Ерөнхий сайд асан Ж.Эрдэнэбатад 6 жилийн хорих ял оноолоо
2020 оны 7 сарын 6

Нийслэлийн прокурорын газраас шүүгдэгч Ж.Эрдэнэбат, Б.Отгонбаатар, Д.Ганбат, Д.Түвшинжаргал, С.Мандахбат нарт холбогдох эрүүгийн хэргийн шүүх хуралдаан энэ сарын 02-ны өдөр эхэлж, 06-ны өдөр   шийдвэрээ гаргалаа. Тухайлбал,

Эрүүгийн хуулийн 22.1 /Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах/-ийн 22.1-3-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 15 хавтаст эрүүгийн хэргийг Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2020 оны 05 дугаар сарын 15-ны өдөр хүлээн авсан.

Шүүгдэгч С.Мандахбатад холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Шүүхээс Ж.Эрдэнэбатыг улс төрд нөлөө бүхий этгээд өөртөө болон бусдад давуу байдал бий болгож, эрх мэдэл албан тушаалын байдлаа урвуулан ашиглах гэмт хэргийг зохион байгуулагчаар оролцсон, Б.Отгонбаатарт эрх мэдэл албан тушаалыг байдлаа урвуулан ашиглаж, зохион байгуулагчаар оролцсон гэм буруутайд тооцож, нийтийн албанд томилогдох эрхийг зургаан жилийн хугацаатай хасаж, зургаан жилийн хорих ял ногдууллаа.

Мөн Д.Ганбатыг гэм буруутайд тооцож, нийтийн албанд томилогдох эрхийг таван жилээр хасаж, гурван жилийн хорих ял ногдуулсан.

Харин Д.Түвшинжаргалыг оролцсон гэм буруутайд тооцож, нийтийн албанд томилогдох эрхийг таван жилээр хасаж, таван жилийн хорих ял ногдууллаа.  Шүүгдэгч тус бүрт ноогдуулсан хорих ялыг  нээлттэй хорих ангид эдлүүлэхээр тогтоолоо.