Үндсэн хууль зөрчөөгүй гэж дүгнэв
2020 оны 7 сарын 10

Үндсэн хуулийн цэцийн өнөөдрийн /2020-7-08/ дунд суудлын хуралдаанаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн зарим заалт Үндсэн хууль зөрчсөн эсэх тухай маргааныг хянан хэлэлцэв.

Тодруулбал, дээрх хуульд, “Яллагдагч шүүх, прокурорын мэдэгдэх хуудсаар дуудсан цагт хүрэлцэн ирэх, дахин гэмт хэрэг үйлдэхгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд саад учруулахгүй байх талаар хувийн баталгааг бичгээр гаргаж, гарын үсэг зурна.”,“Яллагдагч эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд саад учруулахгүй байх, түүнийг дахин гэмт хэрэг үйлдэхээс урьдчилан сэргийлэх зорилгоор тогтоосон газар, нутаг дэвсгэрээс гарч явах, Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах, тодорхой газар очих, тодорхой хүнтэй уулзахыг хориглох, тогтоосон замаар зорчихыг яллагдагчид даалгаж, хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг авах эсэхийг прокурорын саналыг үндэслэн шүүх шийдвэрлэнэ.”, “Өсвөр насны яллагдагч, хөхүүл хүүхэдтэй эмэгтэй яллагдагч, жирэмсэн яллагдагчид энэ хуулийн 14.9 дүгээр зүйлд заасан үндэслэлээр, эсхүл урьд авсан таслан сэргийлэх арга хэмжээг зөрчсөн, дахин гэмт хэрэг үйлдсэн бол цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч болно.” гэж тус тус заасан нь “… Гэм буруутай нь хуулийн дагуу шүүхээр нотлогдох  хүртэл хэнийг ч гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож үл болно.” гэсэн Үндсэн хуулийн заалтыг зөрчсөн эсэх тухай маргааныг хянан хэлэлцлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн дээрх заалтуудад тусгасан “гэмт хэрэг үйлдэх” гэсэн ойлголт нь аливаа этгээдийг шүүхээс гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болохыг тогтоосонтой адил утга агуулгыг илэрхийлэхгүй байх бөгөөд энэ нь гэм буруугийн асуудалтай холбоогүй байдлаар, монгол хэлний үйлдэхүйн ерөнхий утгыг илэрхийлэн хуульчилсан гэж үзэхээр байх тул гэм буруугүйн зарчим, түүнийг бэхжүүлсэн Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 14 дэх заалтын холбогдох хэсгийг зөрчөөгүй байна хэмээн Үндсэн хуулийн цэц дүгнэлээ.

 

 

2020 оны 7 дугаар сарын 08-ны өдөр