ШШГЕГ-ын даргаар Д.Загджавыг томиллоо
2020 оны 7 сарын 22

Засгийн газар өнөөдөр ээлжит хуралдаанаа хийлээ. Хуралдаанаар зарим агентлагын дарга нарыг томилсон байна.  Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын даргаар Уул, уурхайн дэд сайд асан Д.Загджавыг томилжээ.

Тэрбээр Ховд хотын 10 жилийн 1-р дунд сургууль, 1985 онд Нийгмийг аюулаас хамгаалах яамны Цэргийн дээд сургууль төгссөн. Мөн 1999 онд Төрийн захиргааны удирдлагын хөгжлийн институт, 2000 онд Төрийн удирдлагын академи, 2003 онд ОХУ-ын Новосибирск хотын Эдийн засгийн удирдлагын академийг тус тус дүүргэжээ. Удирдахуйн ухааны магистр, улс төрийн ухааны доктор, ОХУ-ын Батлан хамгаалах, аюулгүй байдал, эрх зүйн академийн профессор.

Загджав 1985-87 онд Дорноговь аймгийн Цагдан сэргийлэх хэлтэс, 1987-93 онд Ховд аймгийн АДХГЗ-ын дэргэдэх Хууль зүй, арбитрын хэлтэст ахлах мэргэжилтэн, хэлтсийн дарга, 1990-1993 онд Ховд аймгийн шүүхэд аймгийн шүүхийн гишүүнээр ажиллаж байгаад 1993 онд “Алтай интернэйшнл” ХХК-г байгуулан ерөнхий захирлаар ажиллаж байв.

1997 онд МАХН-ын бага хурлын гишүүн болсноор улс төрд орж, 1998-2000 онд Ардчилсан Социалист Оюутны холбооны Ерөнхийлөгчийн албыг хашсан. 2000-2008 онд нийслэлийн Хан-Уул дүүргийн засаг даргаар ажиллаж байгаад 2008 онд МАХН-аас нэр дэвшин УИХ-ын гишүүнээр сонгогдож 4 жил ажилласан. Мөн Байгаль орчны яамны Төрийн нарийн бичгийн дарга, Монголын Энхтайван, найрамдлын байгууллагын ерөнхийлөгчөөр ажиллаж байжээ.

Х.ИНДРА