Д.Нямхүү: 461 хүний шинжилгээний хариу СӨРӨГ гарлаа
2020 оны 7 сарын 22

Эрүүл мэндийн яамнаас covid-19 халдварын цаг үеийн нөхцөл байдлын тухай ээлжит мэдээллийг /2020.07.22/ хийлээ. Хэвлэлийн хуралд ХӨСҮТ-ийн захирал  Д.Нямхүү, Эрүүл мэндийн яамны тандалт, шуурхай  удирдлагын хэлтсийн дарга Д.Нарангэрэл, ЭМЯ-ны Гадаад харилцааны хэлтсийн дарга Б.Янжмаа, ДЭМБ-ын мэргэжилтэн О.Ариунтуяа нарын албаны хүмүүс оролцов.

Дэлхийн 216 улс оронд коронавирусийн халдвар бүртгэгдлээ. Нийт 14 сая 899 мянган  хүн халдвар авч,  617 мянган хүн нас баржээ. Сүүлийн 24 цагийн байдлаар өвчлөл 213 мянга гаруйгаар  нэмэгдсэн байна.

Манай улсад  ажиглалтаас 80 хүн гарч  гэрийн ажиглалт руу шилжсэн бол 333 хүн шинээр ажиглалтад  орлоо.  Ажиглалтад нийт 3395 хүн байна. Орон нутгийн 17 чиглэлийн галт тэргэнд төмөр замын нэгдсэн эмнэлгийн эмч, ажилтан ажиллаж, 7000 гаруй хүнд тандалт хийлээ. Коронавирусийн сэжигтэй тохиолдол  илрээгүй.119 дугаарын утсанд 180 дуудлага ирсэн байна. 119 шуурхай дугаарын аппликейшнд дөрвөн дуудлага ирсэн.

АНУ-д 57700 гаруй шинэ тохиолдол, 473 нас баралт нэмж  бүртгэгджээ. Харин Бразил улсад 41000 гаруй шинэ тохиолдол, 1367 нас баралт нэмж бүртгэгдлээ. Тус улсын  нийт батлагдсан тохиолдол өссөн дүнгээр 2 сая 159 мянга гаруй болжээ.  БНЭУ-д 37100 гаруй шинэ тохиолдол нэмж бүртгэгдсэн байна. Тус улсын нийт батлагдсан тохиолдол нэг сая 155 мянга гаруйд хүрлээ. БНСУ-д 63 шинэ тохиолдол, нэг нас баралт нэмж бүртгэгджээ. Япон улсад 633 шинэ тохиолдол бүртгэгдсэн аж.