Шүүхээс Ерөнхий сайд асан С.Баярт 5 жил,С.Баярцогтод 10 жил, Б.Бямбасайхан, Д.Ганболд нарт тус бүр 4 жилийн хорих ял оноолоо
2020 оны 7 сарын 26

Ерөнхий сайд асан С.Баяр, С.Баярцогт, Б.Бямбасайхан, Д.Ганболд нарт холбогдох хэрэг Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд зургаа дахь өдрөө үргэлж шүүх шийдвэрээ гаргалаа.

Шүүх хуралдаанаар, Ерөнхий сайд асан С.Баярт 5 жил, С.Баярцогтод 10 жил хорих, таван жил нийтийн албанд ажиллах эрхийг хасах, гурван байрыг улсын орлого болгох, 1.6 тэрбум төгрөг хураах ял оноосон байна.

Харин Б.Бямбасайхан, Д.Ганболд нарт нийтийн албанд тус бүр гурван жил ажиллах эрхийг хасаж, дөрвөн жил хорих ял оноожээ.

Шүүгдэгч С.Баяр нь 2007 оны арван нэгдүгээр сараас 2009 оны аравдугаар сарын 28-ны өдөр хүртэл Монгол Улсын ерөнхий сайдаар ажиллаж байх хугацаандаа Монгол Улсын Засгийн газрын 2008 оны арванхоёрдугаар сарын 05-ны өдрийн хөрөнгө оруулалтын гэрээний тухай 58-р тогтоолоор Оюутолгой ордыг ашиглах зорилгоор гадаад, дотоодын хөрөнгө оруулагчидтай хөрөнгө оруулалтын гэрээ байгуулах, яриа хэлэлцээр хийхийг ЭБЭХ-ний сайд Д.Зориг, Сангийн сайд С.Баярцогт, БОАЖ-ын сайд Л.Гансүх нарт үүрэг болгож, Монгол Улсын Засгийн газрын 2009 оны  аравдугаар сарын 06-ны өдрийн гарын үсэг зурах, эрх олгох тухай тогтоолоор  Оюутолгой төслийн хүрээнд  “Рио Тинто” компаниудтай хөрөнгө оруулалтын гэрээг үзэглэх эрхийг  Засгийн газрын нэр бүхий гишүүдэд олгож мөн өдөр хөрөнгө оруулалтын гэрээ байгуулах нөхцөлийг бүрдүүлсэн.

Мөн Оюутолгой ордыг ашиглалтад оруулах, хөрөнгө оруулалтын гэрээ байгуулахад олж авсан мэдээлэл, цаашид үүсэж болох нөхцөл байдал зэрэгт үндэслэн албаны эрх мэдэл буюу албан тушаалаа урвуулан ашиглаж, албаны чиг үүргийн дагуу олж авсан  мэдээллээ албаны эрх ашгийн эсрэг буюу хувийн ашиг сонирхлоо гүйцэлдүүлэх зорилгоор найз Ч.Даваанямын хувь нийлүүлсэн  “Петровис” компанитай 2019 оны есдүгээр сарын 01-ны өдөр шатах тослох материал нийлүүлэх тухай гэрээ байгуулах уг гэрээ нь 2013 оныг дуустал хүчинтэй байх хугацаанд  “Петровис” компанид 418 тэрбум 385 сая 173 мянга 982 төгрөгийн орлого олох боломжийг олгосон. Түүний үр дүнд Петровис” компанид эдийн засгийн болон давуу байдал бий болгон  Монгол Улсад хүнд хор хохирол учруулсан үйлдэлд 2002 оны эрүүгийн хуулийн тусгай ангийн 263-р зүйлийн 263.2-т зааснаар шүүгдэгч С.Баяр нь эрх мэдэл албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж бусдад бий болгосон давуу байдлаас үүссэн хөрөнгийн эх  үүсвэрийг нуун далдлах зорилгоор АНУ-руу явж Ч.Даваанямтай бүлэглэн өөрийн том охин Нандин болон Ч.Давааням нарын хамтран эрхэлдэг гэх үл хөдлөх хөрөнгийн бизнесийг үргэлжлүүлэн явуулж байгаа нэрийдлээр  2010-1014 оны хооронд   АНУ-д дөрвөн үл хөдлөх хөрөнгийг худалдан авч борлуулж, орлогыг нь АНУ дахь өөрийн  болон эхнэр н.Сувдын дансаар 5 тэрбум 580 сая 444 мянган 337 төгрөг дамжуулсан мөнгө угаасан гэмт хэрэг зохион байгуулсан гэмт  хэрэгт  эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6.2.3-т хэсэгт зааснаар  гэм  буруутайд тооцжээ.

С.Баярцогтыг Сангийн сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын даргаар ажиллаж байх хугацаандаа Оюутолгой төсөлтэй холбогдох гэрээ, эрх зүйн баримт бичгүүдийг батлахдаа эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж илт хууль бус шийдвэр гаргаж бусдад давуу байдал олгосон байж болзошгүй хэрэгт холбогдуулан 2018 оны дөрөвдүгээр сараас АТГ-т шалгаж эхэлжээ.

Улмаар С.Баярцогт, Д.Ганболд, Б.Бямбасайхан нарт Нийслэлийн прокурорын газраас Эрүүгийн хууль /2002 он/-ийн 263 дугаар зүйл / Төрийн албан тушаалтан албаны эрх мэдэл буюу албан тушаалын байдлаа урвуулах/-ийн 263.2 буюу “Энэ хэргийг давтан үйлдсэн,уг хэргийн улмаас их хэмжээний хохирол, хүнд хор уршиг учирсан”, Эрүүгийн хууль/2015 он/-ийн 18.6 /Мөнгө угаах/-ийн 2.3 буюу “албан тушаалтан албаны чиг үүрэг, бүрэн эрх, нөлөөг урвуулан ашиглаж үйлдсэн”, 22.10 /Үндэслэлгүйгээр хөрөнгөжих/-ийн 1 буюу “Нийтийн албан тушаалтан өөрийн хөрөнгө, орлого их хэмжээгээр нэмэгдсэн нь хууль ёсны болохыг үндэслэлтэй тайлбарлаж чадаагүй” гэх үндэслэлээр яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлсэн юм.