Ерөнхий сайд асан С.Баярт 5 жилийн хорих ял оноолоо
2020 оны 7 сарын 26

Нийслэлийн прокурорын газраас С.Баяр,Ч.Давааням нарт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн хэргийг Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2020 оны гуравдугаар сарын 23-ны өдөр хүлээн авч, шүүх хуралдаан өнөөдөр буюу /2020.07.23/ эцэслэн , шийдвэрийг танилцууллаа.

Шүүгдэгч С.Баяр нь 2007 оны арван нэгдүгээр сараас 2009 оны аравдугаар сарын 28-ны өдөр хүртэл Монгол Улсын ерөнхий сайдаар ажиллаж байх хугацаандаа Монгол Улсын Засгийн газрын 2008 оны арванхоёрдугаар сарын 05-ны өдрийн хөрөнгө оруулалтын гэрээний тухай 58-р тогтоолоор Оюутолгой ордыг ашиглах зорилгоор гадаад, дотоодын хөрөнгө оруулагчидтай хөрөнгө оруулалтын гэрээ байгуулах, яриа хэлэлцээр хийхийг ЭБЭХ-ний сайд Д.Зориг, Сангийн сайд С.Баярцогт, БОАЖ-ын сайд Л.Гансүх нарт үүрэг болгож, Монгол Улсын Засгийн газрын 2009 оны  аравдугаар сарын 06-ны өдрийн гарын үсэг зурах, эрх олгох тухай тогтоолоор  Оюутолгой төслийн хүрээнд  “Рио Тинто” компаниудтай хөрөнгө оруулалтын гэрээг үзэглэх эрхийг  Засгийн газрын нэр бүхий гишүүдэд олгож мөн өдөр хөрөнгө оруулалтын гэрээ байгуулах нөхцөлийг бүрдүүлсэн.

Мөн Оюутолгой ордыг ашиглалтад оруулах, хөрөнгө оруулалтын гэрээ байгуулахад олж авсан мэдээлэл, цаашид үүсэж болох нөхцөл байдал зэрэгт үндэслэн албаны эрх мэдэл буюу албан тушаалаа урвуулан ашиглаж, албаны чиг үүргийн дагуу олж авсан  мэдээллээ албаны эрх ашгийн эсрэг буюу хувийн ашиг сонирхлоо гүйцэлдүүлэх зорилгоор найз Ч.Даваанямын хувь нийлүүлсэн  “Петровис” компанитай 2019 оны есдүгээр сарын 01-ны өдөр шатах тослох материал нийлүүлэх тухай гэрээ байгуулах уг гэрээ нь 2013 оныг дуустал хүчинтэй байх хугацаанд  “Петровис” компанид 418 тэрбум 385 сая 173 мянга 982 төгрөгийн орлого олох боломжийг олгосон. Түүний үр дүнд Петровис” компанид эдийн засгийн болон давуу байдал бий болгон  Монгол Улсад хүнд хор хохирол учруулсан үйлдэлд 2002 оны эрүүгийн хуулийн тусгай ангийн 263-р зүйлийн 263.2-т зааснаар шүүгдэгч С.Баяр нь эрх мэдэл албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж бусдад бий болгосон давуу байдлаас үүссэн хөрөнгийн эх  үүсвэрийг нуун далдлах зорилгоор АНУ-руу явж Ч.Даваанямтай бүлэглэн өөрийн том охин Нандин болон Ч.Давааням нарын хамтран эрхэлдэг гэх үл хөдлөх хөрөнгийн бизнесийг үргэлжлүүлэн явуулж байгаа нэрийдлээр  2010-1014 оны хооронд   АНУ-д дөрвөн үл хөдлөх хөрөнгийг худалдан авч борлуулж, орлогыг нь АНУ дахь өөрийн  болон эхнэр н.Сувдын дансаар 5 тэрбум 580 сая 444 мянган 337 төгрөг дамжуулсан мөнгө угаасан гэмт хэрэг зохион байгуулсан гэмт  хэрэгт  эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6.2.3-т хэсэгт зааснаар  гэм  буруутайд тооцов.

Шүүгдэгч Ч.Давааням нь Ерөнхий сайдаар ажиллаж байсан С.Баярын эрх мэдэл албан тушаалын байдлыг урвуулан ашиглаж  бусдад бий болгосон давуу байдлаас бий болсон хөрөнгийн эх үүсвэрийг нуун далдлах зорилгоор үл хөдлөх хөрөнгийн бизнес үргэлжлүүлэн явуулж байгаа нэрээр 2010-2014 оны хооронд дөрвөн үл хөдлөх хөрөнгийг худалдан авч, АНУ-ын банкин дахь С.Баярын болон эхнэр н.Сувдын дансаар 2011-2017 оны хугацаанд 5 тэрбум 580 сая 444 мянган 637 төгрөг авч мөнгө угаасан үйлдэлд  эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6.2.3-т зааснаар гэм буруутайд тооцлоо.

 

С.Баярт албан тушаал эрхлэх эрхийг хоёр жилээс хасч, таван жилийн хорих ял, Ч.Даваанямд хоёр жилийн хорих ял оноолоо. Ялыг  нээлттэй хорих ангид тус тус  эдлүүлэхээр шийдвэрлэв.

 

Мөн Ерөнхий сайд асан С.Баяраас 5 тэрбум 580 сая 440 мянган 637 төгрөгийн орлогыг хурааж улсын орлого болгох шийдвэр гаргасан бол Ч.Даваанямаас  5 тэрбум 766 сая 440 мянган төгрөгийн үнэлгээ бүхий АНУ-д байрлах орон сууцыг хураах шийдвэр гаргалаа.