Зээлийн хүү жил бүр 1 хувиар буурч, 2023 онд сарын 1 хувьд хүрнэ
2020 оны 8 сарын 25

УИХ-ын гишүүн Б.Баттөмөр, Х.Булгантуяа, Г.Амартүвшин, Ч.Ундрам нар Зээлийн хүүг бууруулах стратеги батлах Улсын Их Хурлын тогтоолын төслийг УИХ-ын дарга Г.Занданшатарт өргөн барьсан талаараа мэдээлэл хийлээ.

Тус тогтоолын төсөлд зээлийн эх үүсвэрийн зардлыг бууруулах макро эдийн засгийн тогтвортой орчин бүрдүүлэх, зээлийн эрсдэл, зардлыг бууруулах, зээлийн гэрээ, хэлцэлд оролцогчдын шаардах эрх баталгаажуулах, үүргийн гүйцэтгэлийг шуурхай хангах, банк, санхүүгийн байгууллагын үйл ажиллагааны зардлыг бууруулах чиглэлээр авах арга хэмжээг нарийвчлан тусгасан байна.

Эдгээр арга хэмжээнд Засгийн газар, Төв банк, Санхүүгийн зохицуулах хорооны бүрэн эрхийн хүрээнд хэрэгжүүлэх үйл ажиллагааг тусгайлан зааснаас гадна санхүүгийн урт хугацаатай тогтвортой эх үүсвэрийг бүрдүүлэх нөхцөл, шаардлагыг шинээр хуульчлан тогтоох зэрэг хууль, эрх зүйн шинэчлэлийн санал боловсруулах чиг үүргийг багтаажээ.

УИХ-ын гишүүн Б.Баттөмөр “Өнөөдөр банкны зээлийн хүү өндөр, жилийн 11, 12 хувьтай. Урд нь зээлийн хүүг бууруулах чиглэлээр маш олон тогтоол, шийдвэр гарч байсан. Тухайлбал, 2011 онд УИХ-ын тогтоол гарч, зээлийн хүүг бууруулах, 2014-2016 онд зээлийн хүүг бууруулах чиглэлээр тогтоол гарч байсан. Өмнө нь 20.5 орчим хувь байсан зээлийн хүү өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд жигнэсэн дундаж хүү нь 16.3 хувь болж буурсан. Бидний авч буй арга хэмжээний хүрээнд зээлийн хүү жил бүр нэг хувиар буурах, дөрвөн жилийн хугацаанд 4 хувиар буурч, 2023 оны эцэс гэхэд сарын 1 хувийн хүүтэй байх зохион байгуулалтын арга хэмжээ авагдана. Үр дүнг нь бид ингэж тооцож байгаа юм” гэв.

Мөн тэрбээр “Банкууд тусгай гэрээ гэж хийж өндөр хадгаламжтай хүмүүсийг татдаг. Ийм хадгаламжтай улс дэлхийд их ховор байна. Зээлийн хүү, ялангуяа том дүнтэй хадгаламж эзэмшигчдийн хувьд гэрээ хийж, хадгаламж нь тухайн банкны зээлийн эх үүсвэр болон ашиглагддаг. Тийм учраас зээлийн хүүг тодорхой үе шаттайгаар бууруулах арга хэмжээ авч болно гэж Монголын банкуудын холбоотой ярьж тохироод энэ асуудлыг тавьж байгаа” гэв.

УИХ-ын гишүүн Г.Амартүвшин “Хадгаламжийн хүү чөлөөт зах зээлийн зарчмаараа явна. Арилжааны банкуудад хэрэглэдэг тусгай нөхцөлтэй хадгаламжийг аль болох хязгаарлахад Монголбанк болон бид анхаарлаа төвлөрүүлнэ. Том системийн банкууд тусгай нөхцөлтэй хадгаламж авах нь багассан байх. Бусад банкууд хэвээрээ байх гэж бодож байна” гэж хэллээ.

Зээлийн хүүг бууруулах зорилтыг төрөөс коронавируст халдвар (КОВИД-19)-ын цар тахлын эсрэг авч хэрэгжүүлэх бодлогын тэргүүлэх зорилт болгон дан ганц байгууллага, албан тушаалтанд хариуцуулахгүй нэгдсэн байдлаар талуудыг оролцоог бүрдүүлэн хэрэгжилтийг хангаж, үр дүнтэй байх үүднээс тогтоолын төслийг боловсруулжээ.

Тогтоолын төслийг боловсруулахтай холбогдуулан зээлийн хүүгийн бүрэлдэхүүн, түүнд нөлөөлж байгаа хүчин зүйлийг тодорхойлсон судалгааны үр дүнг судалж,  Засгийн газар, Монголбанк, Санхүүгийн зохицуулах хорооны хуулиар тодорхойлсон зорилт, бүрэн эрхийн хүрээнд хэрэгжүүлж болох арга хэмжээний цар хүрээг тодорхойлж, холбогдох санхүү, эдийн засаг, хууль зүйн тооцоо судалгаанд үндэслэн, тогтоолын хэрэгжилтэд хамаарагдах банкуудын санал зэргийг урьдчилан тооцсон бөгөөд тогтоолын төсөл батлагдсанаар улсын төсөвт шууд нөлөөлөхгүй.

Тогтоолын төслийг баталж, хэрэгжүүлснээр санхүүгийн эх үүсвэр нэмэгдэн, хүү буурах макро орчин бүрдэж, санхүүгийн зах зээлийн хөгжил, хууль эрх зүйн орчин, банкны эрсдэл даах чадвар, засаглал, үр ашигт байдал сайжирч, зээлдүүлэгчийн эрх баталгаажин, зээлийн гэрээнд заасан талуудын үүргийн гүйцэтгэл хангагдах суурь нөхцөл бүрдэх ач холбогдолтой гэж тогтоолын төсөл санаачлагчид үзэж байна.