Тусгай үүргийн нислэгийн суудал ХООСОН ИРДЭГ болжээ
2020 оны 9 сарын 30

ГХЯ-ны Консулын газрын дарга Л.Мөнхтүшиг “Есдүгээр сарын сүүлийн Сиэтл-Улаанбаатарын нислэгээр 10 гаруй суудал хоосон ирсэн. Ирэх аравдугаар сард хийхээр төлөвлөсөн 10 гаруй тусгай үүргийн нислэг бий. Сиэтл рүү дахин нислэг үйлдэх эсэхийг аравдугаар сард хийх транзит зорчигчдын тоог харж байгаад шийдвэрлэх болно” гэлээ.

Улсын онцгой комиссоос өнгөрсөн хугацаанд нийт 82 удаагийн тусгай үүргийн нислэг үйлджээ. Авто зам болон агаарын замын боомтоор 22973 иргэнээ эх оронд нь авчирсан байна. Нислэгээр 16483 иргэн, авто замаар 6536 иргэн иржээ.

ГХЯ-ны Консулын газрын дарга Л.Мөнхтүшиг мөн “УОК-ын гуравдугаар сарын 20-ны өдрийн шийдвэрээр Монгол Улсын хилээр нэвтрүүлэх боломжтой гадаадын иргэдийг тодорхойлж өгсөн. Энэ хүрээнд УОК-ын даргын зөвшөөрлөөр есдүгээр сарын 29-нд үйлдсэн Сөүл-Улаанбаатар чиглэлийн нислэгээр 15 улсын 216 иргэн Монголд ирсэн. Эдгээр хүмүүс Монгол Улсад байнга оршин суудаг, ажиллаж, амьдардаг иргэд гэдгийг хэлье. Тэднийг Монгол Улсын иргэдийн тусгаарлах байрнаас өөр үнээр тусгаарлан ажиглаж байна” гэлээ.