УОК-ын дарга Я.Содбаатар, ЭМ-ийн сайд Т.Мөнхсайхан нар огцрохоо мэдэгдлээ
2021 оны 1 сарын 20

Covid-19 цар тахал дотоодод гарч 2020 оны арваннэгдүгээр сарын 11-ны өдрөөс эхлэн улс даяар хатуу хөл хорионы дэглэм тогтоон ажилласан.  Энэ хугацаанд УОК-ын гаргасан шийдвэртэй холбоотойгоор  нэлээдгүй асуудал үүсч ирсэн. Өчигдөр Нэгдүгээр төрөх эмнэлэг буюу Өргөө амаржих газарт амаржсан эх халдвартай нь батлагдаж ХӨСҮТ рүү шилжүүлсэн. Шилжүүлэх явцад нялх биетэй ээжийг халад, гэрийн шаахайтай нь  машинд суулгаж авч явсан асуудал сошиалд олны дургүйцлийг хүргэж шүүмжлэл дагуулсан. Улмаар иргэд сайн дураараа нэгдэн Сүхбаатарын талбай дээр цуглаан хийж УОК-ыг огцрохыг шаардсан.

Монгол Улсын Шадар сайд, УОК-ын дарга Я.Содбаатар, Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан нар дөнгөж сая Төрийн ордонд мэдээлэл хийж, тус тусын албан тушаалаасаа огцрох хүсэлтээ Монгол Улсын Ерөнхий сайдад хүргүүлэх болсоноо албан ёсоор мэдэгдлээ.

Я.Содбаатар “Үүссэн нөхцөл байдалтай уялдуулж УОК-ын удирдлага огцорч байна. Өчигдрийн үйл явдалд гүнээ харамсаж би мэдэгдэл гаргасан. Миний шууд хариуцсан асуудал биш ч гэлээ хүнлэг бус сэтгэлгүй хүмүүс монголын төрд цөөн ч гэсэн байгаад харамсаж байна. Хариуцлагатай албанд томилсон Монгол улсын Ерөнхий сайд, нийт ард иргэдээсээ уучлалт хүсэж байна. Хариуцсан салбар даалгасан ажлыг чин сэтгэлээсээ, монголын төрд хоёргүй сэтгэлээр зүтгэж, гүйцэтгэлээ. Ковид-19 цар тахлыг дотооддоо алдалгүй 10 сарыг өнгөрөөсөн. Алдаатай оноотой ч ковид-19-ийн эсрэг хийсэн миний тэмцэл, манай багийн тэмцэл, нөхдийн хичээл зүтгэл стратегийн том алдаа гаргаагүй гэдгийг цохон тэмдэглэе. Бид коронавирусийн цар тахалтай хамгийн амжилттай тэмцэж байгаа эхний таван улсад багтаж байгаа.  Коронавирусээр нэг ч хүн нас бараагүй. Цар тахал нийтийн өвчлөл болоогүй гэдгийг онцолж хэлье. Тун удахгүй олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн вакциныг оруулж ирж, бүх нийтийг дархлаажуулах болсон гэдгийг дуулгая. Энэ хүнд цаг үед галын фронтод ажилласан Онцгой, цагдаа, эрүүл мэнд зэрэг бүхий л салбарынхандаа хамтран ажилласан явдалд талархлаа илэрхийлье. Ингээд УОК-ын даргын хувьд Шадар сайдаас огцрох өргөдлөө Монгол улсын Ерөнхий сайдад хуулийн дагуу өнөөдөр хүргүүллээ” гэв.

Мөн Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан “Ард иргэдээ цар тахлаас сэргийлэхийн тулд бүх л хүч чадлаа дайчлан хоёргүй сэтгэлээр зүтгэлээ. Олон жил явж ирсэн буруу тогтолцоог өөрчлөхийн тулд бүхий л хүчээ дайчлан ажилласан. Үүний үр дүнд тодорхой өөрчлөлт үр дүн гарсан. Хэдэн хариуцлагагүй хүний үйлдлээс болж, хэдэн мянган эрүүл мэндийн салбарынхны ажлыг үгүйсгэж болохгүй. Эрүүл мэндийн сайдын албанаас чөлөлөгдөх хүсэлтээ Ерөнхий сайдад уламжлах болно. Дахин хэлэхэд, ард түмнээсээ уучлал хүсэж байна” гэсэн байна.

Х.ОЧ