Х.Баттулга: Монголчууд мөнх төрийнхөө дээр улс төрийн намыг залах учиргүй
2021 оны 4 сарын 22

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга өнөөдөр Их Эзэн Чингис хааны хөшөөний өмнө, гадна талбайд мэдэгдэл хийж, Ардын намыг тараах үндэслэлээ дахин бататгав. Тэрбээр, “Миний нэр дэвших, дахин сонгогдох зэрэг нь улс үндэстний нийтлэг эрх ашгийн дэргэд өчүүхэн зүйл учраас цэргийн нам болсон МАН-ыг татан буулгах зарлигаа дахин нотолж байна” гэв. Түүний хэлсэн үгнээс онцлох  ишлэлийг уншигч танд хүргэе.

 

“Чөтгөрийн тойрог”, “аалзны тор” гэж нэрлэгдсэн сүлжээнээс ангижран салъя

-МАН-ын дарангуйлал нь төр, захиргааны байгууллагуудын үйл ажиллагааг гажуудуулж, цэрэгжсэн бүтцээрээ дамжуулан сонгуулийн сурталчилгаа хийх, санал хураалтыг будилуулах, санал худалдан авах ажлыг гүйцэтгэх зэрэг ноцтой нөхцөл үүссэн.

-МАН-ын зүгээс намайг Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшүүлж, оролцуулахгүйг хичээн явуулж байгаа ядмаг үйл ажиллагаанд энэ шийдвэр огт хамааралгүй. Монголынхоо төлөө зүтгэх миний цаашдын үйл ажиллагаанд огтхон ч саад болохгүй. Нэр дэвших, дахин сонгогдох зэрэг нь улс үндэстний нийтлэг эрх ашгийн дэргэд өчүүхэн зүйл.

-Би өөрийн үндэстэн, төрийн төлөө, хуулийн засаглалтай цэгц шударга нийгмийг цогцлоохын төлөө, улс орныхоо мандан бадралын төлөө ажиллах боломж хэмээн харж, өргөсөн тангаргаа үл умартан, үнэнчээр хэрэгжүүлж ирлээ.

-Иргэдийн эвлэлдэн нэгдэх эрхийг хангах ёстой улс төрийн намууд ашиг сонирхлоор хэлхэлдсэн гэмт бүлэглэл мэт болон хувирч, иргэдийн сонгох эрх, саналыг худалдан авдаг, одоо бүр дээрэмдэн авдаг болох нь.

-МАН Үндсэн хуулийн цэцийн хараат бус байдлыг алдагдуулж, Цэцийн гишүүдийг намынхаа илт нөлөөллөөр томилох, чөлөөлөх, үүрэг даалгавар өгч гүйцэтгүүлэх ажлыг ил тодоор, ичих эмээхгүйгээр хийж байна.

-Тэд Монголын ард түмнийг өөрийн намын гишүүн-дэмжигч мөн, биш эсэхээр нь ялгаварлан төрийн үйлчилгээг ялгавартай хүргэх, намынхаа гишүүдэд гадаадад сурах тэтгэлгийг тусгайлан олгох зэрэг бусармаг бодлогыг эрээ цээргүй ил тодоор хэрэгжүүлж байгаа нь олон нийтэд тодорхой, ил болоод байна.

-Үндсэн хуульт тогтолцоог эвдэн, дангаар ноёрхлыг дархлахаар завдан байгааг таслан зогсоохоос өөр аргагүйд хүрлээ.

-Хэдхэн бусармаг удирдагчдын дангаар, хязгааргүй ноёрхлын “чөтгөрийн тойрог”, “аалзны тор” гэж нэрлэгдсэн сүлжээнээс ангижран салж, төр улс, эх орон, үр хүүхэд, хойч үеийнхээ төлөө зүтгээсэй гэж Та бүхнээс хичээнгүйлэн хүсэж байна.

-Би Монгол Улсын төрийн тэргүүний хувьд Та бүхнийг, төрд зүтгэж байгаа хүн бүрийг төрийн дээр, хуулийн дээр заларч “хаанчилж” байгаа МАН-ын удирдлагын дарангуйллаас ангижруулахыг зорилоо

-Үндсэн хуулиа дээдлэн сахиж хамгаалах, гагцхүү хуульд захирагдан ажиллах боломжийг бүрэн олгохоор зорилоо. Монгол Улсын үндэсний язгуур ашиг сонирхлыг хангах үүргээ нийт ард түмний өмнө нэр төртэйгөөр гүйцэтгэх эрхэм үйл хэргийн чинь үүдийг нээж өгөхийг зорилоо.

Ард түмэндээ үйлчлэх тангарагтай хүн 

-УИХ-ын гишүүд ээ. Та бүхнийг эрх баригч намын хууль бус дарамт шахалтыг эсэргүүцэх, хууль бус үүрэг, даалгаврыг биелүүлэхээс татгалзах, хуулиар хамгаалуулж, хуулийнхаа дагуу ажиллах эрх, эрх чөлөөнд уриалан дуудлаа. Хууль та нарыг намын заналхийлэл, хяналт, дарамтаас бүрэн хамгаална. Итгэж сонгосон, томилсон монгол түмнийхээ эрх ашгийг намын эрх ашгаас дээгүүрт өргөөрэй.

-Би ард түмэндээ үйлчлэх тангарагтай хүн.

-МАН-ыг хуулийн дагуу тараах нь хуулийг дээдэлж байгаа үйлдэл, өргөсөн тангаргаа сахиж байгаа ариун хэрэг мөн.

-Дарагдах аргагүй, далдлах боломжгүй хууль бус, гэмт үйлдлүүд чамлахааргүй нотлогдсоныг, мөн нотолсон хэдий ч хариуцлага хүлээлгэх, шийтгэл ногдуулах ажиллагаа нь өнөөх намын эрхшээл, нөлөөллөөр саармагжин, саатаж байгааг дурдах нь зүйтэй.

-Улс төрийн намыг бүртгэх, бүртгэлээс хасах, тараах шийдвэр гаргах нь Улсын дээд шүүхэд харьяалуулсан Улсын бүртгэлийн үйл ажиллагаа. Дээд шүүх нэн хариуцлагатайгаар хүлээн авч, хуулийн хугацаандаа зохих шийдвэрийг гаргана гэж найдаж байна.

-Өнөөдөр авлига, ашиг сонирхлоороо сүлбэлдэж, намаараа холбогдсон гэмт бүлэглэл хууль бусаар эзэмшдэг, худалддаг, үр өгөөжийг нь цөөхүүлээ шимэгчлэн хүртэж байна.

-Татвар төлөгчдийн мөнгийг бүлэглэн зувчуулдаг, эрх мэдлээ хадгалах, үргэлжлүүлэх явцуу зорилгоор үрэн таран хийдэг, оффшор бүсэд гаргаж нуудаг зэрэг бусармаг явдал, үүнийг дэвэргэн өдөөдөг гадаад, дотоодын зүй бус нөлөөлөл л бидний зовлонгийн үүдийг нээсэн.

-Ардчилсан шинэ Үндсэн хууль батлагдсанаас хойших 29 жилийн 21 жилд нь Монгол ардын нам дангаар төрийн эрхийг барьж, төрийн байгууллагуудыг удирджээ. Үр дүн нь улсын өнөөгийн байдал, таны ахуй амьдрал, эрүүл мэнд юм. Үүнийг хэнтэй ч хуваалцах, буруугаа бусад руу чихэх эрхгүй!

-Цар тахлын асуудлаар Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн хурал зарласан ч ирц бүрдээгүйгээс хуралдаж чадахгүй байдалд хүрсэн.

-У.Хүрэлсүх өөрөө тэргүүлэн “Монгол цэргийн холбоо” гэх байгууллагыг тус намын бүтэцтэй зэрэгцүүлэн байгуулж, Засаг дарга болон орон нутгийн төрийн захиргааны байгууллагын дэргэдэх Цэргийн штабын үйл ажиллагаатай нэгтгэн зохион байгуулж байгаа нь цэрэгжсэн үйл ажиллагаа явуулж байгааг бүрэн нотолно.

Цар тахлыг улс төрийн сонгуульдаа ашиглаж байна 

-АН сонгуульд ялсан аймгуудын Засаг дарга нарыг энэ холбоондоо нэгтгээгүй нь МАН-ыг дагаж ажилладаг, түүний цэрэгжсэн бүтэц, салшгүй хэсэг нь гэдгийн давхар нотолгоо.

-Ерөөсөө, намын харьяалалгүйгээр төсвийн хөрөнгө оруулалтаас бүрддэг аливаа тендер, нэр бүхий олон сангаас зээл, дэмжлэг авах боломж жирийн ардад хэзээ ч олддоггүй нь нууц биш болсон байна.

-Цар тахлыг улс төрийн зорилго, сонгуульд ялах гэсэн өчүүхэн зорилгодоо ашиглаж ард түмний амь нас, эрүүл мэндийг эрсдэлд оруулж, өнөөдрийг хүртэл үргэлжүүлж байгаа нь ямар дэглэм тогтоож, ямар дэглэмээр ажиллаж байгаагийн тод илрэл.

-Удаа дараа хэлж сануулсаар байхад цар тахлын эсрэг вакциныг худалдан авах эх үүсвэрийг улсын төсөвт санаатайгаар суулгаагүй, гадаадын хандивлагч улсууд, олон улсын байгууллагуудаас цар тахалтай тэмцэхэд зориулж хандивласан олон зуун сая ам.долларын хөрөнгийг үрэн таран хийж, зарцуулалтыг нь тайлагнаагүй.

-Монголчууд мөнх төрийнхөө дээр улс төрийн намыг залах учиргүй. Үүний тулд нийтээрээ нэгдэн нягтрах, Монгол төрөө хамгаалах цаг иржээ. Монгол төрийг нэг намын дарлалаас чөлөөлж, хамгаалахад монгол хүн бүрийн хүчин зүтгэл хэрэгтэй.