Эх орноосоо урвагчдыг шууд нэрлэ, Ерөнхий сайд аа
2021 оны 5 сарын 4

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ орон нутаг руу вакцин тээвэрлэсэн цуваа хөдөлгөх арга хэмжээнд оролцох үеэрээ нэгэн ноцтой баримтын сэжүүрийг хэлээд орхив.

Тэрбээр “Улстөрчид та нар нэг ч вакцин авчирч чадахгүй, нэг ч вакцин үйлдвэрлэж чадахгүй. Нэмэр болохгүй бол гай битгий бол. Вакцин татан авалтад манай зарим улстөрчдийн хариуцлагагүй асуудал нөлөөлсөн.  Цар тахлын хажуугаар улстөржихгүйн тулд би асар их тэвчээр гаргаж байгаа. Би тэвчээд дуугүй яваад байдаг хүн биш. Шаардлагатай бол би тэр гишүүдийг зарлана. Иргэдийн амь настай холбоотой энэ үед албаар буруу мэдээлэл өгч, хариуцлагагүй асуудал зохион байгуулсан нь эх орноосоо урвасан үйлдэл шүү. Тиймээс улс төрийн нэр бүхий алиа салбадайнуудад хатуухан анхааруулъя. Цар тахлын нөхцөл байдал гайгүй болох үед хэлдэг газар нь хэлнэ” гэж анхааруулав.

Гэхдээ Ерөнхий сайд дутуудуулсан. Тэр алиа салбадайг нэрлэх ёстой байлаа. Эх орон даяараа улсаасаа урвагчийг мэдэж авах боломжийг Ерөнхий сайд олгосонгүй, үгээ залгиад өнгөрөөлөө. Цар тахлын үед вакцин татан авалтад санаатайгаар саад учруулсан УИХ-ын гишүүний нэрийг нь зарласан бол жинхэнэ хариуцлага болох байв. Харин дараа хэлнэ гэж өнгөрөөсөнийг мушгиж ойлговол шантааж болж харагдлаа.

Өндөр албан тушаал хашдаг хүмүүсийн үгээ залгидаг, асуудлыг хойшлуулдаг энэ байдал Монголд хариуцлагагүйн зудыг бий болгосон. Нэг хэсэг нь улс төрийн тохиролцоо, намын нөхөд гэж хариуцлагагүй үйлдлийг нь мэдсэн ч мэдээгүй мэт нүдэн балай өнгөрөөнө. Нөгөө хэсэг нь албан тушаал, ашиг хонжооны наймаа хийж худал хуурмагийг нь нууцалдаг. Ингэж хэлэх ёстой цагт нь хэлэхгүй, тооцох ёстой хариуцлагыг ярихгүй явсаар эх орноо худалдахаас наагуурх хулгайчдыг бий болгосон. Харин горыг нь жирийн иргэнээсээ эхлээд төрийн сайд хүртлээ амсаж буй. Сонгодог жишээг нь Ерөнхий сайд өчигдөр дурдаад өнгөрлөө.

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ хүнд хэцүү цагт үед эх орондоо тус биш ус болсон тэр төрийн түшээдийн нэрийг зарласан бол дараагийн Засгийн газрын тэргүүний өмнө тулгарах улс төрийн бохир асуудлыг таслан зогсоох ч байсан юм билүү. Гэвч тэр мөн л бусдын адил дараа гээд орхилоо. Дараа гэж хойшлуулсан асуудал мартагдаж, гэмт үйлдэл хийсэн хүн хариуцлага хүлээхгүй өнгөрдөг олон жишээг Ерөнхий сайд харж л байгаа. Төрийн өндөр албан тушаалтны эс үйлдэхүй өөрийнх нь ажлаас эхлээд улс орны эрх ашигт олон олон хор уршгийг бий болгосоор л байна. Харамсалтай нь хэн ч үүнийг засахыг хүсдэггүй, үгээ залгиж, хорлогчдод боломжийг олгосоор байдаг.

Тиймдээ ч дэлхий нийтээр цар тахлын эсрэг вакцины төлөө тэмцэлдэж байхад Монголын улстөрчид эх орон руугаа вакцин оруулахгүйн төлөө ажиллаж байна. Тэдний гэм хорыг хаацайлсаар ирсэн нь өнөөдрийн хор уршгийг бий болгосон. Хэрвээ Монголын төр хариуцлагын тогтолцоотой, алдаа гаргасан бүхэнд алдаа оноог нь ухамсарлуулдаг байсан бол энэ хүнд үед урвагчтай тулгарахгүй байлаа. Ерөнхий сайд нь улстөрчидтэй хэрүүл хийж, анхааруулга өгөх бус ажилдаа төвлөрөх байсан.

 

Монгол төрийн тэргүүнээс эхлээд УИХ-ын дарга, Ерөнхий сайд нар гэм бурууг анхааруулж, сүрдүүлээд өнгөрдөг бус хариуцлага тооцож чаддаг чадамжтай байсан бол монголчууд огт өөр нийгэмд амьдарч байх байлаа.

Хаалгачаасаа эхлээд төрийн өндөр албан тушаалтан хүртлээ үүрэг хариуцлагаа ухамсарладаг, эрхээ ч нэр төртэйгээр эдэлдэг эрх тэгш нийгэмд амьдрах байв. Харамсалтай нь эрх тэгш нийгэмд амьдрах эрхийг маань хариуцлагагүйн зуд халхалчихлаа. Хамгийн гунигтай нь хэн ч үүнийг засахыг хүссэнгүй, залуу Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ ч ялгаагүй үгээ залгиж, өөгшүүлээд өнгөрөөх бололтой. Таны, миний, бидний хүсдэг шударга, эрх тэгш нийгэм хариуцлагагүй үйлдлийг илчлэхээс, эх орноосоо урвагчийг нэрлэхээс эхэлнэ, Ерөнхий сайд аа! Бүхэл бүтэн улсын эрх ашиг, гурван сая иргэний эрүүл мэнд, амь насны эсрэг ажилласан хүний тухай сонсоод өнгөрмөөргүй байна, монголчууд.