Л.Оюун-Эрдэнэ: Долдугаар сарын 1 гэхэд халдвар буурахгүй бол төрөөс олгож буй хөнгөлөлтүүдийг он дуустал үргэлжлүүлнэ
2021 оны 5 сарын 10

Цар тахлын үед Ерөнхий сайд асан У.Хүрэлсүхийн Засгийн газар иргэд ААН-ээ дэмжиж, 2021 оны долдугаар сарын 1-н хүртэл татвараас чөлөөлсөн. Харин удахгүй долдугаар сарын 1 болж, үүнээс хойш ААН-үүд өөрсдөө татвараа төлөх юм.

Гэвч цар тахлын нөхцөл байдал дээрдээгүй, ААН-үүдийн үйл ажиллагаа доголдолтой хэвээр байна. Уг асуудалд Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ тайлбар өгөв.

Тэрбээр “Зөвхөн татвартай холбоотой асуудал биш. Тог цахилгааны хөнгөлөлт, хүүхдийн мөнгө зэрэг асуудлууд бий. Үүнд эрсдэлийн үнэлгээ хийж байна. Цар тахлын нөлөө гүйцэд арилгахгүй бол энэ арга хэмжээгээ он дуустал үргэлжлүүлнэ гэж төлөвлөж байгаа. Гэхдээ энэ нь төсөв дээр асар их хэмжээний эрсдэл учруулж болзошгүй учраас бидний тооцож байгаагаар вакцинжуулалт хурдан яваад эдийн засаг сэргээд одоо байгаа эдийн засгийн нөхцөл байдлын үзүүлэлт сайжирвал асуудал өөр. Статистик мэргэжлийн байгууллагууд дүгнэлтээ гаргах байх. Эдийн засаг сайжирвал мэдээж хөнгөлөлтүүдийг сунгахгүй. Тиймээс халдварын тохиолдлын тоо, вакцинжуулалтын үр дүнг харна” гэлээ.