У.Хүрэлсүхийн ОНЦЛОХ ишлэлүүд: Би улс төрийн ринг дээр шударга барилдахаас айдаггүй
2021 оны 5 сарын 13

Ерөнхий сайд асан, МАН-ын дарга У.Хүрэлсүх сэтгүүлч М.Батбилэгийн “Ярилцъя л даа” нэвтрүүлэгт оролцлоо. Ярилцлагаас онцлох эшлэлүүдийг түүвэрлэв.


-Ерөнхий сайдтай долоо хоногт нэг удаа уулзаж, зөвлөлддөг юм шүү дээ. Надаас асууж, зөвлөх зүйл их.

-Ерөнхийлөгчийн тамгын газар, сөрөг хүчин иргэдийн жагсаал дээр улс төр хийж, гуйвуулан парламентыг огцруулах, бүр цаашлаад нэг хүний дарангуйлал тогтоох төлөвлөгөөтэй байсан. Би мэдээллийг авч байсан.

-Шүүхийн тухай хуулийг баталснаас хойш У.Хүрэлсүхийг унагаах улс төрийн үйл ажиллагаа эхэлсэн.

-Надад ажиллах боломж олгоогүй. Улс төрийн хавханд оруулсан.

-Х.Баттулга бид хоёрын хооронд хувь хүний маргаан байхгүй. Харин зарчим зөрсөн.

-Монгол Улсын Ерөнхийлөгч сөрөг хүчин болж болохгүй. ҮАБЗ нэг цонхоор харж байж улс орон хөгжихийг би зүрх сэтгэлээр мэдэрсэн, тийм ч болохоор Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшсэн.

-Бизнесийн салбараас дарангуйлагчдыг зайлуулсныхаа төлөө өөрөө дарангуйлагч нэр зүүх болсон.

-2025 оноос хэрэгжих байсан хуулийг ЕТГ-ын дарга З.Энхболд өөрөө 2020 болгож, оруулж ирсэн биз дээ. Хуулиа сайн уншаагүйн л гай. Харин Үндсэн хуулийн цэц бол бие даасан шүүх байгууллага, улс төр биш.

-Би рингэн дээр шударга барилдахаас айдаггүй улс төрч.

-Өнөөдөр бүх улс төрийн намууд бол ардчилсан намууд.

-2018 онд л би “Рио Тинто”-гийн Гүйцэтгэх захиралтай Төрийн ордонд уулзаад, “Оюу толгойн гэрээг өөрчилнө, Дубайн гэрээг цуцална” гэж шууд мэдэгдсэн.

-Би тангараг өргөж байгаад улсын үйлдвэрүүдээ эргүүлж авахаар шатаж ажилласан. Хурааж авсан, хурааж авсан гэж хэлэх дуртай.

-Зарим хүн надад амь насаа бодоорой гэж хүртэл хэлж байв.

-Манай Засгийн газар 938 лиценз цуцалж, 7.2 сая м.кв газар нутгийг чөлөөлсөн. Энэ Увс аймгийн газар нутагтай дүйцнэ.

-Ц.Анандбазарыг гишүүнийг шалга гэж хэлсэн, шалгаж байгаа юм билээ. Гишүүнээсээ түдгэлзэж байгаад шалгуулах ёстой гэж би үзэж буй. Намаасаа ч түдгэлзүүлэх асуудал ярьсан. Буруутай нь тогтоогдвол хариуцлагаа хүлээх ёстой.

-С.Батболдод ч хэлсэн, оффшорын асуудлаа шалгуул гэж. Шалгаж байгаа юм билээ, мэдээлэл авсан.

-Нэг өглөө босоод ирэхэд л нэг хүн “зодчихсон” байх юм. Залуудаа үзвэл үзчихдэг эр хүн байлаа, одоо 50 гарсан намын дарга хүн шүү дээ.