Сувилагч Р.Туяа: Эмчийн ангид орох урилга ирсэн ч сувилагчийн мэргэжилдээ дуртай учраас 40 жил ажиллалаа
2021 оны 5 сарын 15
Сувилагч Р.Туяа: Эмчийн ангид орох урилга ирсэн ч сувилагчийн мэргэжилдээ дуртай учраас 40 жил ажиллалаа

Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Монгол Улсын Эрүүлийг хамгаалахын гавьяат ажилтан цол хүртсэн Гэмтэл согог судлалын үндэсний төвийн мэдээгүйжүүлэгч, сувилагч Рэнцэндоржийн Туяатай ярилцлаа.

Танд Монгол Улсын Эрүүлийг хамгаалахын гавьяат ажилтан цол хүртсэнд баяр хүргэе.

-Баярлалаа. Би Гэмтэл согог судлалын үндэсний төвд тасралтгүй 40 жил ажиллаж байна. 40 жилийн хугацаанд би эрчимт эмчилгээ, мэдээгүйжүүлэлт, яаралтай тусламжаар ажиллаж байсан. Олныг хамарсан осол, аваарын үед биеэр очиж ажиллаж байлаа. Би залуу байхдаа ослын үед олон удаа ажиллаж байсан учраас Ерөнхийлөгч Н.Багабандиас Хөдөлмөрийн хүндэт медаль гардан авч байсан. Тэр үед миний аав ээж охиноо сувилагч болгосондоо маш их баярлаж байсан. Одоо би гавьяат ажилтан боллоо. Сувилагчийн ажил, хөдөлмөрийг өндрөөр үнэлж байгаад маш их талархаж байна.

-Та сувилагчийн ажилдаа яагаад дурладаг вэ?

-Би хүүхэд байхаасаа л аав ээж, эмээ өвөөгийнхөө чихийг ухаж, цэвэрлэх дуртай байсан. Аав минь хэлэхдээ, “миний охин эмч болох хувь зохиолтой шүү” гэдэг байсан. Тэгээд аравдугаар ангиа төгсөөд анагаахын сургуульд шалгалт өгсөн ч 0.5 оноо дутаад, сувилагч гэдэг мэргэжлийг сонгосон. Тэр үед аав маань “миний охин уян зөөлөн хүн юм чинь сувилагч мэргэжил яг тохирно” гэж хэлж байсан. Ингээд би сувилагч болсон. Би энэ мэргэжлийг сонгосноороо бахархаж явдаг. Надад эмчийн ангид орох олон урилга ирж байсан ч мэргэжилдээ дуртай учраас өдий хүртэл ажиллаж явна.

-Гэмтэг согог судлалын үндэсний төв бол онцгой нөхцөлд ажилладаг байгууллага. Амь нас нь аюулд орсон хүмүүс л ирдэг шүү дээ.

-Маш хэцүү л дээ. Хүн гэмтье гэж гэмтдэггүй. Дандаа гэнэтийн явдлаар манайд хүргэгдэж ирдэг учраас бидэнд уйлах, дотроо харамсах удаа олон гардаг. Харин тэр хүмүүс маань эрүүл болоод гарахад бид маш их баярладаг.

Би анх сувилагч болчихоод эрчимт эмчилгээний тасагт хуваарилагдан ажиллаж байх үед 4-5 настай хүүхэд аваарт орчихоод ирэхэд би маш их өрөвдсөн. Буруу харж уйлаад, өөрт нь “миний дүү зүгээр болно оо” гэж хэлж байсан. Тэр үед би өөрийн мэргэжлийн үнэ цэн, утга учрыг ойлгосон. Тэр хүүхэд манай эмнэлэгт эмчлүүлээд эдгээд гарсан. Мөн 1981 онд сургуулиа төгсчихөөд сэхээн амьдруулах тасагт ажиллаж байх үед усны үер болсон. Тэр үед сүүний үйлдвэрт ажиллаж байсан Дуламсүрэн гэдэг эмэгтэй амьд гарч, би түүнийг асарч сувилаад гаргасан. Гэх мэтээр олон хүнийг асарч сувилж, амь насыг нь хамгаалсандаа би талархаж явдаг.