Б.Энхбаяр: Нямдоржтонгуудыг зайлуулах цаг болсон
2021 оны 5 сарын 22

Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Ц.Нямдорж Засгийн газрын 100 хоногийн ажлыг тайлагнах үеэрээ С.Зоригийг хөнөөсөн хэргийн захиалагч нь Э.Бат-Үүл хэмээн мэдэгдсэн юм. Үүний хариуд нийслэлийн АН-ын дарга Э.Бат-Үүл хэвлэлийн хурал хийж, С.Зоригийн амь насыг гадны захиалгаар хөнөөсөн, захиалагчтай Ц.Нямдорж холбоотой байж болзошгүй гэсэн мэдэгдлийг хийлээ. Мөн тэрбээр “Ц.Нямдорж сайдыг гаднаас төрд шургуулсан хорт могой гэдгийг би зориуд хэлье” хэмээн мэдэгдсэн юм.

Энэ үгнээс үүдэн УИХ-ын гишүүн Б.Энхбаяр ЗГХЭГ-ын дарга Ц.Нямдоржийн талаар өөрийн байр сууриа илэрхийлжээ. Тэрбээр:

Э.Бат-Үүл Ц.Нямдоржийг “хорт могой” гэнэ лээ. Би үүнтэй санал нийлэхгүй. Могой ганц толгойтой, ганц биетэй. Тэр олон гартай, олон ч хөлтэй. “Хуулийн хулгайтай тэмцэнэ” гэсэн сонгуулийн уриа дэвшүүлж миний бие зүгээр ч нэг УИХ-д нэр дэвшээгүй. Ямар ч хувь хүн хуулийн хийдэл, системд хулгай хийх боломжгүй, тийм эрүүл бөгөөд ил тод, тийм хяналттай бөгөөд хариуцлагатай ажиллах эрх зүйн орчинг бий болгохыг зорьж, хууль тогтоогч болъё гэж шийдсэн. Эхлээд Шүүхийн шинэтгэлийг барьж авсан. Энэ бол дөнгөж эхлэл. Цаашаа Прокурор, мөрдөх болон гүйцэтгэх албаны эрх зүйн орчин цогцоороо сайжирч байж урагшилна. Хувьдаа шударга ёсыг өмчилж, хуулийн дээр гарч, хууль бол би гэх хүртлээ даварч хөлжсөн Нямдоржтонгуудыг зайлуулах цаг болсон. Парламентат ёс энэхүү тэмцлийн гол хүч болно гэдэгт итгэлтэй байна. Намын ард нуугдаж мөнгө угаадаг мангасуудтай тэмцэнэ” гэсэн хатуухан мэдэгдлийг цахим хуудсанаа оруулжээ.

Х.ОЧ