Зөвшөөрөлгүй 132 гараашийг чөлөөлж, ногоон байгууламж хийж байна
2021 оны 7 сарын 31

Сонгинохайрхан дүүргийн 17 дугаар хорооны 32 дугаар байрны баруун талд зөвшөөрөлгүй барьсан 132 гараашийг Нийслэлийн Засаг даргын захирамжийн дагуу чөлөөлж, ногоон байгууламж хийж, явган хүний зам тавьж байна. Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар холбогдох албаныхны хамт өнөөдөр газар дээр нь ажиллалаа. Тус гарааш чөлөөлсөн талбайд 1800 ам метр явган хүний зам, 4000 ам метр зүлэг, 600 ам метр эко хавтан хийхээс ажлын явц 80 хувьтай байгааг гүйцэтгэгч компанийнхан онцолж байлаа. Түүнчлэн наймдугаар сарын 10-н гэхэд ажил бүрэн дуусах юм.

Сонгинохайрхан дүүргийн Засаг дарга Н.Алтаншагай “Дүүргийн хэмжээнд нийтийн эдэлбэр газар чөлөөлөх ажил хавраас эхэлсэн. 17 дугаар хороонд 132 гарааш чөлөөлж, бүтээн байгуулалтын ажил хийж байна. Мөн 62 дугаар сургуулийн ард байсан гараашийг нурааж, барилгын хог хаягдал байсан газрыг цэвэрлэж, ногоон байгууламж бүхий авто зогсоол байгуулахаар зураг төсөл хийсэн. Түүнчлэн “Залуус” хороололд зөвшөөрөлгүй барьсан гараашийг буулгаж, ногоон байгууламж бүхий авто зогсоол байгуулахаар зураг төсөл хийж байгаа. Дүүргийн 12-17 дугаар хороо буюу “Өнөр” хорооллын ард зөвшөөрөлгүй 819 гарааш бий. Газрын албанаа холбогдох хүмүүст шаардлага хүргүүлсэн. Дугуй засвар ажиллуулдаг иргэд ажлын байрыг хадгалж өгөхийг хүссэн. 132 гарааш чөлөөлсөн газрын бүтээн байгуулалтыг хийж дууссаны дараа дээрх иргэдтэй уулзаж, санал авна. Зураг төсөл, ажлын даалгавар бэлэн болсон ч иргэд авто зогсоол байгуулах хүсэлт ирүүлж байна” хэмээн ярив.

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазар нийслэлийн хэмжээнд ногоон байгууламжийг нэмэгдүүлэхэд анхаарах ёстойг онцолж байлаа. Тэрбээр мөн “Улаанбаатар хотын хэмжээнд нийт 10.4 га газар чөлөөлж, 21 байршилд тохижилт, ногоон байгууламжийн ажил хийхээс эхнээсээ ашиглалтад орж байна. Цаашид энэ ажлыг идэвхжүүлнэ. Зөвшөөрөлгүй хашаа, хайс татаж, иргэдийн зорчих хөдөлгөөнд хүндрэл учруулж байгаа асуудлыг шийдэж, иргэдтэй ээлтэй хотыг бий болгохын төлөө ажиллана. Хот нэг стандарт, нэг дүрэм журамтай байх ёстой” хэмээн ярилаа.

НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС